Парисын олимпийн эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгондалай, Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 кг-д Х.Бекнур нар тулалдсан бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар оролцжээ.
Нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал ганцаараа Парисын олимпийн эрхээ авсан. Тэрбээр эхний шатандаа Японы Микото Харадаг, дараагийн шатанд Канадын Скарлетт Делгадог, эрхийн төлөө Венесуэлийн Йохана Гомезыг тус тус ялж, олимпод оролцохоор болжээ. Түүнээс гадна эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ олимпийн эрх авахад тун ойртсон ч сүүлийн тулаандаа АНУ-ын Роской Хиллд ялагджээ.
ПАРИСЫН ОЛИМПИЙН ХОЁР ЭРХ АВЛАА
Харин мэргэжлийн боксоос завсарлага авч, сонирхогчийн боксдоо эргэн ирж, олимпоос медаль авах зорилготой байсан Э.Цэндбаатар эрхээ авч чадсангүй. Тэрбээр эхний шатандаа Вьетнамын Ву Тан Датыг, дараагийн шатандаа Туркменистаны Сапармырат Одаевыг тус тус ялсан ч гурав дахь тулаандаа Болгарын Радослав Росеновд ялагджээ. Тэмцээний дараа Э.Цэндбаатар ард түмнээсээ уучлалт гуйж, итгэлийг нь алдлаа гэв.
Ийнхүү Парисын олимпод Монголын боксын шигшээ багаас хоёр тамирчин оролцохоор боллоо. Тодруулбал, О.Есүгэн, М.Энхжаргал гэсэн хоёр эмэгтэй боксчин оролцохоор болов. О.Есүгэний тухайд Ханжоугийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпийн эрхээ авсан бол М.Энхжаргал дээр дурдсанчлан олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс Парисын эрхээ авчээ.
Токиогийн олимпод Монгол Улсаас анх удаа эмэгтэй боксчин олимпийн эрхээ авч оролцож байлаа. Харин энэ удаад хоёр эмэгтэй боксчин оролцохоор болж байна.
Б.ЧИНЗОРИГИЙН ЭРХИЙГ ТАЙЛАНДЫН БОКСЧИНД ӨГӨВ
Угтаа Б.Чинзориг Ханжоугийн Азийн наадмын аварга болж, олимпийн эрхээ авсан ч тэрбээр допингийн шинжилгээнд бүдэрсэн билээ. Тодруулбал, түүний шинжилгээний сорьцоос WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн жагсаалтад бүртгэлтэй метадиеноны метаболит гэх бодис илэрсэн.
Б.Чинзориг ч олон улсын спортын арбитрт гомдол гаргахаа мэдэгдсэн. Харамсалтай нь, амжилтад хүрээгүй бололтой. Олон улсын боксын холбооноос саяхан олимпийн эрх авсан эхний ээлжийн тамирчдын нэрсийг зарлахдаа Б.Чинзоригийг оролцох боломжгүй гэж үзжээ. Түүний эрхийг Тайландын тамирчин Бунжон Синсири авч, Парисын олимпийн -63.5 кг-ын жинд өрсөлдөхөөр болсон аж.
Боксын холбоо өнгөрсөн жилээс эхлэн уналтад оров уу гэж спорт сонирхогчид үзэж байна. Топ тамирчин нь допингтой нэр холбогдож, удирдлагын болчимгүй алдаанаас болж, олимпийн эрх олгох эхний тэмцээндээ оролцож чадаагүй. Улмаар сүүлийн тэмцээнээс ердөө ганц эрх авч, ирэх Парисын олимпод хоёр тамирчнаа л илгээхээр болов. Угтаа бокс бол Монголын олимпийн найдвар, топ спортын төрлүүдийн нэг. Монголчууд олимпийн наадмаас боксоор нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан. Энэ амжилтаараа зөвхөн жүдо, чөлөөт бөхийн ард л бичигдэнэ. Харамсалтай нь эрэгтэй тамирчдаас ганц нь ч эрхээ авч чадсангүй. Монголын эрэгтэй боксчид тив дэлхийд нэр алдраа дуурсгасан, хүчтэй өрсөлдөгчдийн нэгт тооцогддог ч Парисын наадамд оролцож чадахгүй.
ОЛИМПИЙН ЭРХИЙН ЭХНИЙ ТЭМЦЭЭНДЭЭ ОРЖ ЧАДААГҮЙ
Хэрэв олимпийн эрх олгох эхний тэмцээндээ Монголын боксын шигшээ оролцож чадсан бол олимпийн эрх нэмэгдэх байсан биз. Парисын олимпод хүч үзэх боксчдыг шалгаруулах эрх олгох дэлхийн эхний тэмцээн Итали улсад гуравдугаар сарын 3-наас 11-ний өдрүүдэд болсон. Энэхүү тэмцээнд 113 орны 602 тамирчин өрсөлдөв. Гэвч Монголын тамирчид тодорхойгүй шалтгааны улмаас мэдүүлгээ өгөөгүй. Монголын боксын холбооны зүгээс ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл, мэдээлэл хийгээгүй.
Үүний дараа тамирчдынхаа мэдүүлгийг цагт нь өгөөгүй боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ажлаа өгч, түүний оронд гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба ирсэн. Мөн боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа өгч, түүний албыг дэд ерөнхийлөгч В.Ганзориг түр орлохоор болжээ.
- Парисын олимп – О.Есүгэн, М.Энхжаргал
- Токиогийн олимп – Э.Цэндбаатар, Б.Чинзориг, М.Мягмаржаргал
- Риогийн олимп – Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Д.Отгондалай/хүрэл медаль/, Б.Чинзориг, Б.Түвшинбат
- Лондогийн олимп – П.Сэрдамба, Н.Төгсцогт/мөнгөн медаль/, У.Мөнх-Эрдэнэ/хүрэл медаль/, Б.Түвшинбат
- Бээжингийн олимп – П.Сэрдамба/мөнгө/, Э.Бадар-Ууган/алт/, З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ
- Афины олимп – У.Мөнх-Эрдэнэ
- Сиднейн олимп – Т.Үйтүмэн
- Атлантагийн олимп – Ц.Даваацэрэн, Ж.Наранцогт, Т.Үйтүмэн
- Барселонагийн олимп – Э.Цогтжаргал, Н.Баярсайхан /хүрэл/
- Сөүлийн олимп – Н.Алтанхуяг, Ц.Амаржаргал, О.Дэмбэрэл, Н.Энхбат/хүрэл медаль/, Х.Гантулга, С.Алтансүх, Ц.Цэрэнням
- Москвагийн олимп – В.Баясгалан, Н.Нарантуяа, Ц.Нармандах, Р.Отгонбаяр, Г.Батбилэг, Х.Жамган
- Монреалийн олимп – С.Батсүх
- Мюнхены олимп – В.Батбаяр, Н.Цэнд-Аюуш
Холбоотой мэдээ