ОХУ, Белоруссын харилцаа баяжив

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

ОХУ, Белоруссын харилцаа баяжив

Белоруссын нийслэл Минск хотноо үл мэдэгдэх этгээдүүд ОХУ-ын ЭСЯ-ын барилга руу шатах шингэн бүхий олон тооны лонх шидэж шатааснаас уржигдар шөнө нэг автомашин бүрэн шатжээ. Энэ үйл явдал А.Лукашенкогийн төрсөн өдөртэй давхцсаны зэрэгцээ түүний хувьд нэн тохиромжгүй үед болсон байна. Учир нь Белоруссын Ерөнхийлөгч болон ОХУ-ын удирд­лагын хоорондох харилцаа нэлээд ярвигтай болж, тус улсад Киргизийн хувилбар давтагдах аюул нүүрлэх болжээ.

Белоруссын нийслэл Минск дэх Оросын Элчин сайдын яам­ны барилгыг видео камерын тус­ламжтайгаар цагдаа, тусгай албад, орон тооны болон орон тооны бус ажилтнууд хянаж байдаг. Түүнчлэн Белорусс нь иргэдээ интернэт кафенд ороход нь хүртэл паспортыг нь шалгаж, тэдэнд хатуу хяналт тавьдаг цөөхөн орны нэг тул гадаад орны Элчин сайдын яаманд халдах нь амаргүй. Гэтэл ОХУ-ын Элчин сайдын яам руу халдах үзэгдэл урьд нь гарч байж. Тухайлбал, 2001 онд Белоруссын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оросын Элчин сайдын яамны хашаанд тэсрэх төхөөрөмж шидсэн боловч тэр нь азаар дэлбэрээгүй байна. Тиймээс энэ нь хоёр орны хооронд үүссэн улс төрийн хурцадмал байдлыг аль болохоор тод томруун болгож, байдлыг хурцатгах гэсэн зорилготой тоглоомын нэг хэсэг гэж Оросын ажиглагчдын нэг хэсэг нь дүгнэж байгаа юм. Галдан шатаасан хэргийг үнэхээр Белоруссын тусгай албад зохион байгуулсан бол өмнөх хэргүүдийн нэгэн адил эздийг нь олоход хэцүү гэдгийг ч тэд хэлж байгаа юм. Оросын ЭСЯ-аас гадна өөр бусад газарт бөмбөг тэсрэх бүрт эрх баригчид уг үйл явдлыг сөрөг хүчний эсрэг хатуу арга барил хэрэглэж, тэдний эрхийг боогдуулах шалтаг болгон ашигладаг байжээ.

Оросын эрх баригчдын зүгээс А.Лукашенкогийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуу­лан кампанит ажил өрнүүлж, түүнд дарамт үзүүлэхийг оролдохын хэ­рээр Белоруссын Ерөнхийлөгч эрс хатуу мэдэгдэл хийх бол­сон. Тухайлбал Д.Медведев  А.Лука­шенкод Абхази, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэсэн амлалтаа биелүүлээгүйг сануулж, түүнтэй хийсэн уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийг нийтэлж болохыг хэлсэн байна. Хоёр талын хооронд иймэрхүү сөргөлдөх байр суурь давамгайлж байгаагаас Оросын Элчин сайдын яам руу “Молотовын коктейл”-тэй лонх шидэх зэрэг тоглоомоор наадах боломж бүрдсэн бололтой. Харин ОХУ-ын Думын гишүүн В.Жириновский энэ талаар өөр бодолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ бол А.Лукашенкогийн баг сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсний шинж. Үүнийг тэрбээр өөрөө төлөвлөөгүй байж болно. Гэхдээ түүний  сонгуулийн штабын гишүүд Оростой харилцаагаа хурцатгахад ашиглахаар шийдсэн бололтой” гэжээ.

А.Лукашенко ОХУ-тай харилца­хад ямар нэг бэрхшээл гараагүй гэдгийг ард түмэндээ аль болохоор итгүүлэхийг оролдож байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ А.Лукашенкод Оросын талд гомдоллох шалтгаан олон байсан. Жишээ нь Белоруссын Ерөнхийлөгч А.Лукашенко өнгөрсөн даваа гарагт 56 нас хүрсэн. Гэвч ах дүү Белоруссын удирдагчид ОХУ-ын удирдлагаас Д.Медведев, В.Путин нарын аль нь ч баяр хүргэсэнгүй. Түүнээс гадна Белоруссын сүүнд хориг тавьсан, шатдаг хийн транзит тээвэртэй холбоотой маргаан, Оросын “НТВ” сувгаар А.Лукашенкод олон хүнд гэмт хэрэгт буруутгасан “Крестный батька” нэртэй цуврал баримтат кино гаргасан гээд олон зөрчилдөөн шил шилээ даран хуримтлагдаж байна. Белоруссын иргэдийн нэлээд хэсэг нь Оросын телевизийн сувгуудыг үзэж, Оросын байр суурь ямар байгааг сонирхдог. Мөн сөрөг хүчний нэлээд хэсэг нь Оросын эрх баригчдад найдлага тавьж, Лукашенког засгийн  эрхээс буулгахад Кремль л туслана гэж хүлээж байна. Оросын хувьд А.Лукашенког номхруулахад ашиг­лаж болох бас нэг хүчтэй хөшүүрэг бий. Тэр нь газрын тос, шатдаг хийн үнэ юм. Кремль тэр л хөшүүргээ ашиглан цагтаа өөрсдийг нь хуурсан К.Бакиевийг зайлуулсан. Оросын эрх баригчид хямд эрчим хүч өгснийхөө хариуд нэлээд ихийг шаарддаг. А.Лукашенкод К.Бакиевтэй харьцуулахад нуусан хөзөр олон тул Оросын эрчим хүчний үнэ хэмээх том бороохойг үл харгалзан өөрийн гэсэн тоглолт хийж, бие даасан бодлого явуулан засгийн эрхэнд үлдэхийг хичээж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Белоруссын хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх оны хоёрдугаар сарын 6-наас өмнө явуулах ёстой. Сонгуулийн товыг энэ сарын 7-ны өдөр болох парламентын ээлжит бус чуулганы үеэр зарлах бөгөөд ирэх арванхоёрдугаар сард болох юм. Энэ сонгуульд оролцоно гэдгээ одоогоор 20-иод хүн зарласан. Сөрөг хүчнийхэн аль нэг нэр дэвшигчийг хамтран дэвшүүлэх талаар тохиролцож чадахгүй байна. ОХУ бүрэн эрхт улсын хэрэгт албан ёсоор хөндлөнгөөс оролцохгүй гэсэн байр суурьтай. Гэсэн ч  Кремль энэ удаад А.Лукашенког дэмжихгүй нь ойлгомжтой тул сөрөг хүчний улстөрчдийн тэн хагас нь Оросын эрх баригчдын зүгээс дэмжлэг олохыг хичээн ээлж дараалан Москвад очих болжээ.

А.Лукашенко энэ удаагийн сон­гуульд оролцож дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчийн албыг хаших со­нирхолтой гэдгээ үгүйсгээгүй. Олон нийтийн санал асуулгаас үзэхэд Ерөнхийлөгч А.Лукашенког асуулгад оролцогсдын 60 орчим хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн бол түүний өрсөлдөгчид 3-5 хувийн санал авах магадлалтай аж. Тиймээс А.Лукашенкотой өрсөлдөхүйц нэр дэвшигч одоогоор байхгүй. Тиймээс Оросын эрх баригчид түүнийг буулгаж авч чадахгүй Киргизийнх шиг эрс алхам хийх юмуу түүнийг сонгуульд оролцохоос татгалзуулах эцсийн аргаа ашиглахад хүрнэ. 

Белоруссын Эрх чөлөөний нам нэртэй сөрөг хүчний тэргүүн С.Высоцкий энэ тухай өнгөрсөн долоо хоногт илэн далангүй ярь­жээ. Тэрбээр тус улсад засгийн эрхийг хүчээр сольж болзошгүйг сануулсан юм. С.Высоцкий “Орос А.Лукашенкогийн эсрэг кампанит ажлыг Киргизийн хувилбараар нэ­лээд ширүүн өрнүүллээ. А.Лука­шенкогийн гэмт хэргүүдийг илчил­сэн хоёр цуврал баримтат кино гаргасан нь хүч хэрэглэх аргыг Белорусст ашиглах сонирхолтойг нь харуулж байна” гэжээ. Сөрөг хүчний тэргүүн мэдээллээр хомс Белоруссын нийгэмд уг кино ихээхэн шуугиан тарьсаныг хэлсэн байна. Мөн тэрбээр “Энэ кинонд үнэн юм бий. Гэхдээ тэдгээрийг урьд нь харуулаагүй хэрнээ Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнө, тодруулбал яг одоо яагаад харуулах болов” гэж өгүүлжээ.

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж