Эстони: Украин ялагдвал бидэнд Б төлөвлөгөө гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Эстони: Украин ялагдвал бидэнд Б төлөвлөгөө гэж байхгүй

Эстони: Украин ялагдвал бидэнд Б төлөвлөгөө гэж байхгүй

Нэгэн цагт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстони улс 2004 оны гуравдугаар сарын 29-нд НАТО-д элсэж байв. Тус улсын хилчид Нарва голын цаанаас Оросын Ивангород цайз руу хараачлан байдаг тул тэд өөрсдийгөө фронтын шугам дээрх улс гэж үздэг.

Тэгвэл тус улсын эрх баригчид Украин дахь байлдаан зогссоны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин Балтийн орнуудад анхаарал хандуулж, Эстони зэрэг орныг өөрийн мэдэлдээ буцаан оруулахыг эрмэлзэнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм боломжит хувилбараас зайлсхийхийн тулд Эстонийн засгийн газар Украины дайнд багагүй мөнгө, зэвсэг зарцуулсан. Тодруулбал, тус улс Украинд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас илүү хандивлажээ.

"Хэрэв НАТО-ийн гишүүн орон бүр Эстонитой адил зүйл хийсэн бол Украин ялах байсан" гэж Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас хэлжээ.

Украин ялаагүй л байна. Их буу, сум, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, хамгийн гол нь цэргийн тоогоор дутмаг байгаа Украины арми Оросын довтолгоог барьж тогтоохын тулд тэмцсээр байна.

Эстонийн ерөнхий сайд Кажа Калласаас "BBC" агентлаг "Украин энэ дайнд ялагдаж, Оросын түрэмгийлэл эцэстээ амжилтад хүрвэл Эстонийн Б төлөвлөгөө юу вэ?" гэж асуужээ. Тэрбээр "Бидэнд Оросын ялалтад зориулсан Б төлөвлөгөө байхгүй. Учир нь бид Украинд туслах А төлөвлөгөөнд анхаарал хандуулахаа больчихоод байна. Бид гутранги үзэлд бууж өгөх ёсгүй. Украины ялалт бол зөвхөн газар нутгийн тухай асуудал биш юм. Украин зарим газар нутгаа алдсан ч гэсэн НАТО-д элсэх юм бол энэ нь ялалт болно. Тэд НАТО-ийн дээвэр дор орно гэсэн үг" гэж тэр хэлжээ.

Кажа Калласын хувьд эх орноосоо илүүтэйгээр гадаадад алдартай болсон үндэсний удирдагчдын нэг. Тэрбээр ЗХУ-ын иргэн болж төрсөн ч ээж, эмээ хоёрыг нь Сибирь рүү албадан цөлсөн аж. Өдгөө 46 настай, 2021 оноос хойш ерөнхий сайдын албыг хашиж байгаа тэрбээр Европ дахь Кремлийн нөлөөг бууруулахад хамгийн идэвхтэй дуу хоолойгоо өргөдөг НАТО-ийн удирдагчдын нэг. Түүний үзэл баримтлал нь барууны орнуудыг Москватай шууд зөрчилд оруулах эрсдэлтэй гэж Цагаан ордны зарим албан тушаалтан эмээдэг.

ЭРЛИЙЗ ДОВТОЛГОО

Украинд тусалснаар улс орны эдийн засагт үүссэн цоорхойг нөхөхийн тулд татвар нэмсэн явдалд эстоничуудын олонх нь сэтгэл хангалуун бус байдаг. Харин Кажа Каллас Оросоос ирж буй заналхийллийн эсрэг барууны орнуудыг сэрээсэй гэж хүсч байна.

"Орос улс манай нийгэмд айдас төрүүлэхийг хүсч байна. Европын холбооны өөр олон хэсэгт янз бүрийн эрлийз довтолгоо гэх халдлагууд гарсаар байна. Эрлийз довтолгоог саарал бүсийн дайн гэж нэрийдэх нь бий. Энэ нь Орос зэрэг улсын явуулж буй сэжигтэй дайсагнасан үйлдлийг хэлнэ. Заавал буун дуу гарахгүй, хэн ч амиа алдахгүй, гэсэн атлаа хор хөнөөл нь асар их" гэж Кажа Каллас хэлэв.

Эрлийз довтолгооны хамгийн том жишээ бол 2022 онд Балтийн тэнгисийн доорх Хойд урсгал хийн хоолой дэлбэрсэн явдал. Усан доорх нууцлаг дэлбэрэлтийн учир начир одоо хэр нь олдоогүй байна. Өөр нэг жишээ бол саяхан Балтийн эрэг дэх Калининградын эксклавын ойролцоо нислэг үйлдэхэд Оросууд цахимаар хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэл юм. Мөн Эстони болон Балтийн бусад орны олон зуун сургуулийн барилгад тэсрэх бөмбөг байрлуулсан тухай цахим шуудан өнгөрсөн намар ирж байжээ.

"Ийм аюул заналхийлэл нь хүүхэд гэх хамгийн эмзэг бүлэгт чиглэх замаар сэтгэл зүйн хурцадмал байдлыг бий болгох зорилготой" гэж Эстонийн Дотоодын аюулгүй байдлын албаны тайланд дурджээ.

ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлсэн нь барууны холбоотнуудад сэрэмжлүүлэг болсон юм. Энэ нь НАТО-гийн удирдагчдад ирээдүйн Оросын түрэмгийллийг таслан зогсоохын тулд Европын зүүн жигүүрт цэргийн хүчээ нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг ойлгуулсан.

Өнөөдөр Их Британи улс л гэхэд танк, явган цэрэг, их буу, нисгэгчгүй онгоц болон явган цэргийн ротоос бүрдсэн 1200 хүнтэй байлдааны бүлгийг удирдаж байна. Тус бүлэг нь Эстонийн хойд хэсэгт орших Тапа хотод байрладаг. Гэвч өнөөгийн Украины нөхцөл байдлыг хараад байхад 1200 цэрэг тийм ч их тоо биш гэдгийг онцолж байна. Орос улс тактик, техник хэрэгсэл муутай байж болох ч Украины хамгаалалтыг сэтэлж дөнгөхүйц асар олон тооны цэрэг, сумтай байж болох юм.

1200 цэрэг хангалтгүй байж болох ч шинэ төлөвлөгөөний дагуу 3000-5000 цэргээр хүч нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тапа хотод байрладаг Британийн цэргүүд болон тэдний эстони түншүүд Украинд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж