Ялалтын талбайд Сонгуулийн ерөнхий хорооноос “Санал авах загвар гэр” тохижууллаа. Иргэд эндээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах боломжтой. “Санал авах загвар гэр” амралтын өдрүүдэд ажиллана.
Сонгуулийн хууль, тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг сонгогчдод хүргэх, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж, сонгогчдод үйлчилж байгаа юм. Ялалтын талбайд Сонгуулийн ерөнхий хороо санал авах загвар гэр тохижуулан иргэд, сонгогчдод саналын хуудас тэмдэглэх талаар зааварчилж, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулж байна. Түүнчлэн сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх танилцуулга, ном товхимлоор үйлчилж байна.
“Сонгогчийн өдөрлөг”-ийн үеэр иргэд санал тоолох төхөөрөмжид эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байв. Харин саналын хуудас хэрхэн бөглөх талаарх зааварчилгааг иргэдэд маш сайн танилцуулах шаардлагатайг хэлж байв.
Хуулийн дагуу зургадугаар сарын 9-ний өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагт дуусгавар болно. Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх зарчмаар явахаас гадна гадаадад байгаа сонгогчид саналаа өгнө. Гадаадад байгаа сонгогчид 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө санал өгөх эсэхээ мэдэгдэж, баталгаажуулах ёстой. 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны тавдугаар сарын 6-аас зургадугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ биечлэн болон цахимаар бүртгүүлнэ.
Иргэд УИХ-ын сонгуульд оролцож буй 1416 сонгогчоос өөрийн тойргийн мандатын тоогоор саналаа дугуйлахаас гадна 19 нам, хоёр эвлээс сонголтоо хийж дугуйлна.
Холбоотой мэдээ