Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын төв зам дагуу газрыг чөлөөлж унадаг дугуй, явган хүний зам, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн хамгийн том өргөн чөлөөг тохижуулж дуусчээ.
2023 онд нэгдүгээр хорооллын төв зам дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг байсан ТҮЦ болон зарим объектуудыг нүүлгэн шилжүүлж газрыг нь чөлөөлсөн байдаг. 2023 оны долдугаар сард тухайн газрыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажил өрнүүлж /2024.05.31/-ний өдөр дуусгаж ашиглалтад орууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 12,13,14,15, 16, 17-р хороог дамнасан 1.5 километр дугуйн зам, 1.5 км явган зам, 6150 мкв ногоон байгууламж, 81 ширхэг гэрэлтүүлэг мөн найман байршилд 250 орчим автомашин зогсох боломжтой байнгын зогсоолыг ашиглалтад оруулсан байна.
Тус хэсгийг байнгын ашиглалтад оруулснаар зөвхөн нэгдүгээр хорооллын оршин суугчид гэлтгүй дайран өнгөрөх иргэдэд ногоон байгууламж бүхий хотын хамгийн таатай орчныг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн унадаг дугуй, скүүтер унадаг хэрэглэгчид явган замаар бус зориулалтын 5 метрийн өргөнтэй дугуйн замаар аюулгүй зорчих боломжтой болсон байна. Цаашид уг ажлыг үргэлжлүүлж, нэгдүгээр хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган хүний зам тавих аж.
Мөн нэгдүгээр хорооллын арын зам дагуух 60 байршилд нийт 1840 ширхэг тоосгон болон бетон граш, контейнер, төмөр зөөврийн чингэлэгийг буулгаж газар чөлөөлсөн байна. Чөлөөлсөн 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүхий амралтын талбайг тохижуулжээ.
Холбоотой мэдээ