Энэтхэгийн төв болон хойд бүс нутгаар хэт халж, улмаар 24 цагийн дотор 15 орчим хүн амь эрсэджээ. Одиша мужийн Руркела засгийн газрын эмнэлэгт Пүрэв гаригт арван хүн нас барсан гэж эрх баригчид Ройтерс агентлагт мэдэгдэв. Түүнчлэн Бихар, Ражастан, Жарханд муж болон Дели хотод хэт халсны улмаас нас барсан тохиолдлууд бүртгэгдсэн. энэтхэгийн сонгууль зургадугаар сарын 4-нд эцсийн байдлаар өндөрлөх үеийг угтан цаг агаарын хэм өсч буйд эрүүл мэндийн салбарынхан санаа зовниж байна.
Бихар мужийн Бхожпур дүүргийн шүүгч Махендра Кумар мэдээлснээр Пүрэв гаригт тус хотод гурван сонгуулийн ажилтан, нэг цагдаа халуунд цохиулсны улмаас нас баржээ. "Хамгийн халуун өдөр байсан бөгөөд эмнэлгийн төвүүд бүх хүчин чадлаа дайчилж ажиллаж байсан ч тэд тэсээгүй. Сайн дурын нэг цагдаа албаа гүйцэтгэж яваад ухаан алдсан" гэж мэдэгдсэн байна. Мөн 30-40 орчим хүн халууны улмаас өвдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Бүс нутгийн эмнэлгүүдэд халуунаас болж өвчлөгсдийн тоо нэмэгдсэн аж.
Энэтхэгийн Өвчний хяналтын үндэсний төв нь халууны харвалтыг "амь насанд аюултай" нөхцөл гэж нэрлэдэг бөгөөд нас баралтын түвшин 40-64 хувь байна.
Энэтхэгийн хойд, төв болон баруун хэсгийн зарим нутгаар сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн хэт халуун цаг агаар 45-46 хэмийн хооронд хэлбэлзэж байгаа гэнэ. Зарим газраар 50 хэм хүртэл халжээ. Хэд хэдэн бүс нутагт хэрэглээний өсөлтөөс болж ус, цахилгаан эрчим хүчний хомсдолд орж байна. Температурын өсөлт Энэтхэг даяар түймэр гарахад хүргэсэн бөгөөд эрх баригчид Жамму, Кашмир дахь ойн түймрийг хянахын тулд дрон ашиглаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэл Дели болон ойр орчмын бүс нутгуудад 50 хэм хүрч дээд амжилт тогтоосон.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ