Сурвалжлага: Үер болбол нийслэлчүүд тогонд цохиулах эрсдэлтэй!

Хуучирсан мэдээ: 2024.06.03-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Үер болбол нийслэлчүүд тогонд цохиулах эрсдэлтэй!

Сурвалжлага: Үер болбол нийслэлчүүд тогонд цохиулах эрсдэлтэй!

Улаанбаатарт зун ирдгээрээ ирж, бороо ордгоороо орж, үер буудгаараа бууна. Гагцхүү үүнд нийслэлчүүд хэр бэлэн бэ гэдэг нь л гол асуулт. Өнгөрсөн жилийн гашуун сургамжаас харахад үерийн олон эрсдэл бий.  Орчны аюултай эрсдэлтэй байдлаас болж тогонд цохиулж нас барах, эрүүл мэндээрээ ч хохирч болзошгүй.

Эрдэнэт хүний амийг орлох, нөхөн барагдуулах боломжгүй. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь ил задгай цахилгааны утсанд хийх шаардлагатай засвар, иргэд тог цахилгааны утсыг салаалуулж, ил утсаар хувааж байгаа талаар бэлтгэлээ.

КАБЕЛЬ, ОРОН СУУЦНЫ ИЛ УТСЫГ УБЦТС-Д, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ШОНГИЙН ЗАДГАЙ УТАСНЫ ДУУДЛАГЫГ НИЙСЛЭЛД ӨГНӨ

Гудамж, талбай дахь ил цахилгааны утас, хамгаалалтаас гарсан кабель зэргийг иргэд хараад л өнгөрдөг. Газрын хөрснөөс ургасан юм шиг хар, мөнгөн ёрдойсон кабелиуд, гэрлийн шонгоос унжсан өнгө өнгийн утаснууд ямар аюул, хохирол учруулахыг монголчууд дэндүү сайн мэднэ. Гэрийнхээ гадаа тоглож байсан охин, сургуулиас харьж явсан хүү гээд гэнэн томоогүй хүүхэд багачууд гудамжинд ил байх тогны утсанд амиа алдсан гашуун сургамж бий.

Хүүхэд төдийгүй томчууд ч бэртэж, гэмтэх эрсдэлтэй. Тиймээс цахилгааны масстай утас, кабелийг харсан даруйдаа иргэд харьяа газарт нь холбогдож дуудлага өгөх нь зөв юм.

Нэг үеэ бодвол нийслэлийн гудамж, нийтийн эзэмшлийн талбайн ил задгай тогны утас багассан. Учир нь холбогдох байгууллагууд ажлаа хариуцлагатай хийж байгаа.

Гэхдээ дан ганц албаныхан энэ асуудалд үүрэг хүлээхгүй. Иргэд ч өөрийн амьдарч байгаа орчиндоо хяналттай байх ёстой. Тиймээс иргэд цахилгааны аюулгүй байдлаа хангаж стандартын шаардлага хангасан цахилгаан хэрэгсэл ашиглан, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагах. Мөн ойр орчимдоо ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, хаалт, түгжээгүй щит самбар байвал Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 1131-0005 утас болон Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн 7004-7004 дугаарт мэдэгдэх шаардлагатай.

Иргэд дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг иргэнээс нэхэмжилдэг эсэхийг тодруулахад, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууцны барилгаас салаалсан цахилгааны утас, кабель ил гарсан, эрсдэл учруулж болзошгүй шонгийн утас зэргийг мэдээлсэн хүнээс төлбөр авахгүй.

Холбогдох албаныхан дуудлага мэдээллийг авсан даруйдаа яаралтай засварладаг гэв. Хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/367 захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж эхэлжээ. Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсээс өгсөн мэдээллээр, Ханын материалын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Москвагийн гудамж, Ард Аюушийн өргөн чөлөө, Их тойруу, Да-Хүрээгийн гудамж, Шархадны эцэс хүртэл 25 км замын хоёр талд нийт 50 км трасст стандарт мөрдүүлэхээр шалгалт хийсэн байна. Өнгөрсөн өдрүүдэд хээрийн судалгаа хийж, зөрчилтэй обьектуудыг тогтоож, зөрчлийг арилгуулжээ.
Үүнд,
  • Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах,
  • Ил задгай хаясан их хэмжээний барилгын хог хаягдлыг ачуулах,
  • Цахилгааны утас нь ил гарсан гэрлийн шонг тагжуулах зэрэг ажлууд хийжээ.
Цахилгааны ил задгай утасны тухайд иргэд, СӨХ, аж ахуй нэгж байгууллагуудад анхааруулга, уриалга хүргүүлж эхэлсэн байна.
Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орж тогтоол ус тогтож байгаа нь цахилгааны аюул эрсдэлийг үүсгэж болзошгүй байгаа аж. Тиймээс тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх. Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн, мал амьтныг аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг авах. Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах. Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон гэмтсэн кабель, цахилгааны утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулахыг УБЦТС ТӨХК-иас анхааруулжээ.

ИРГЭД ӨӨРТӨӨ, ӨМЧДӨӨ ЭЗЭН БАЙХ ЧУХАЛ

Эмийн сангийн хаалганд тохсон байсан цахилгааны утсанд тогонд цохиулж хүүхэд амиа алдсан харамсалтай осол одоогоос зургаан жилийн өмнө гарсан. Мөн 2018 онд Налайх дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын ойролцоо унадаг дугуйтай хүүхэд явж байгаад цахилгааны шонгийн ил утсанд тогонд цохиулж эмнэлгийн тусламж авч чадалгүй өнгөрсөн. Энэ мэт бага насныхан амиа алдсан тохиолдол жил бүр гардаг. Хамгийн сүүлийн жишээ бол өнгөрсөн жилийн наймдугаар сард нийслэлд тохиолдсон үерээр Дарь-Эхээс Шинэ монел руу эргэдэг дээр гэрлийн шон унаж, гурван хүн тогонд цохиулж, хоёр нь нас барсан. Энэ мэт харамсалтай тохиолдлуудыг дурдаад байвал их. Тиймээс иргэн бүр үер усны аюултай улиралд сонор сэрэмжээ нэмэх хэрэгтэй.

Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд цахилгааны утсаа ил задгай холбож, дамжуулснаас хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдлууд цөөнгүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, айл өрхүүдийн цахилгааны утсаа татсан байдал нь стандартад нийцээгүйгээс осол гарах тохиолдол өсчээ.

Айлуудын тухайд агаараар цахилгаан татах утсыг газарт булахгүйгээр хүний хөлийн хэсэгт ил гүйлгэх, үүнээсээ тог салаалуулах зэрэг зөрчил их гарч байгааг УБЦТС-аас мэдээлсэн. Иргэд өөртөө, өмчдөө, бусдын аюулгүй байдалд гэм хор учруулахгүйн тулд анхаарал, сэрэмжтэй байх нь л хамгийн чухал. Эрчим хүч бол дур мэдэн холбож, тасалж, цахилгааны утас сунгаж, татдаг зүйл биш. Эрдэнэт хүний амиар хэмжигддэг эрсдэлтэй алхам учир гэр, ажилдаа тог цахилгааныг зориулалт бусаар холбохгүй байхыг анхааруулж байна.

АЙЛ, ӨРХҮҮДЭД ШААРДЛАГА ӨГӨӨД ЯМАР Ч НЭМЭР БАЙДАГГҮЙ

Улаанбаатар цахилгаан түгээх станцын хэрэглэгчид үйлчлэх төвтэй холбогдож тодруулахад, дуудлага мэдээллийн дагуу өдөр бүр мончёрууд ажиллаж байгаа. Нэг өрхийн цахилгааны утас салаалснаас 10 доошгүй гэмтэл гардаг. Иргэдэд анхааруулга, сануулга өгч шаардлага хүргүүлсэн ч тоодоггүй гэх хариулт өглөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн долоон дүүргийн 130 хорооны нийтийн эзэмшлийн талбай, аж ахуй нэгжийн 1000 гаруй дэд өртөөнд УБЦТС ТӨХК-иас хяналт шалгалт хийхэд 794 гэмтэл зөрчлийг илрүүлж, 340 орчим айл өрхөд шаардлага хүргүүлсэн байна. Мөн зарим хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлажээ.

Хаврын улиралд өнжмөл өвстэй хашаа, талбайд гал гарч цахилгааны утас масслах, шон дэлбэрэх эрсдэлтэй. Мөн зуны улиралд хур тунадас их орсноос үерт өртөж өндөр хүчдэлийн шон унах, ид задгай цахилгааны утаснаас хүн, амьтанд тог цохих зэрэг аюултай байдаг байна.

Монтёрын хэлж байгаагаар, ялангуяа гэр хороололд оргил ачааллын цагаар цахилгааны гэмтэл ихээр гардаг. Энэ нь айл хооронд нэг шонгоос салаалуулсан ил задгай цахилгааны утасны гэмтэл. Түүгээр ч зогсохгүй цас, бороо орсон үед тус холболт нь масслаж хүн бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гардаг. Иргэд хэлж анхааруулаад байхад тоодоггүй гэсэн юм.

Тиймээс нийтийн эзэмшлийн талбай, эмнэлэг, сургууль, үйлчлүүлж буй аж ахуй нэгжийн хэсэг, тоглоомын талбай, хажуу, хөрш зэргэлдээ айлуудынх нь цахилгааны утаст ил харагдах гэмтэл гарсан л байвал шуурхай дуудлага өгч засварлуулна уу. Дуудлага мэдээлэл өгч засуулаагүйгээс үүсэх хор хохирол нь өндөр гэдгийг өнгөрсөн жилийн үерийн жишээнүүд харуулна. Эрсдэлтэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байх нь чухал билээ.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж