Монгол Улсад анх удаа айлчилж буй Лукашенко гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2024.06.01-нд нийтлэгдсэн

Монгол Улсад анх удаа айлчилж буй Лукашенко гэж хэн бэ?

Монгол Улсад анх удаа айлчилж буй Лукашенко гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Беларусийн удирдагч Александр Лукашенко зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусийн төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Монгол, Беларусь хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

Александр Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-нд ЗХУ-ын Бүгд найрамдах Беларусь улсын Витебск мужийн Копыс сууринд төржээ. Тэрбээр Александриа ахлах сургууль, Могилевын сурган хүмүүжүүлэх дээд сургууль, Беларусийн Хөдөө аж ахуйн академийг тус тус төгссөн байна.

Тэрбээр Монгол Улсад анх удаа айлчилж байна. Харин энэ он гарсаар хоёрдугаар сард Узбекистан, тавдугаар сард ОХУ, Азербайжан улсуудад тус тус айлчилжээ.

Улс төрийн карьераа эхлүүлэхээсээ өмнө тэрбээр ЗХУ-ын хилийн цэрэг болон ЗХУ-ын армид алба хааж байжээ. ЗХУ задран унасны дараа тэр Беларусийн Дээд зөвлөлийн Авлигатай тэмцэх түр хорооны даргаар ажиллаж байв. 1994 онд Беларусийн шинэ үндсэн хууль батлагдсаны дараа тэрбээр тус улсын анхны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Улмаар хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сарын 9-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Лукашенко 80.1 хувийн санал авч, ялалт байгуулжээ. Одоо ч ерөнхийлөгчийн албан тушаалаа хашсаар байгаа Лукашенког Европт хамгийн удаан хугацаанд ерөнхийлөгчөөр ажилласан хүн гэдэг.

Лукашенко сонгуульд ялахдаа дөнгөж 39 настай байв. Арвин туршлагагүй ч гэлээ шийдэмгий, шинэчлэгч, олны хүндэтгэлийг хүлээсэн байжээ.

Түүний ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний он жилүүдэд Беларусь улсад гэмт хэргийн бүлэглэлүүд, инфляцийн өсөлт, хөрш орнуудын эмх замбараагүй байдал зэрэг олон сорилт тулгарсан байв. Энэ үед Лукашенко беларусьчуудад тогтвортой байдлыг санал болгосон.

"Үйлдвэрүүд хаагдаж, дэлгүүрийн лангуунууд хоосорсон үе. Талхны үнэ нэг өдрийн дотор 18 дахин өссөнийг би санаж байна" гэж Лукашенко хэвлэлд ярилцлага өгч байв.

Мөн тэрбээр ерөнхийлөгчийн албан үүргийнхээ талаар "Миний амьдрал бусад ерөнхийлөгчийн л нэгэн адил маш завгүй байдаг. Өглөө сэрмэгцээ л бужигнаж эхэлнэ. 25 жилийн турш ийм завгүй байх ямар гэж бодож байна? Би үүнд дассан. Хүрд тасралтгүй эргэсээр, зугтах боломж үгүй. Хэрвээ та зогсчих юм бол эргэдэг хүрд таныг гаргаад шидчихнэ. Амьдралын хэмнэл ийм л байна, би үүнд дассан" гэж хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж