Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитр, Биеийн тамир спортын улсын хороотой хамтран "Допинг ба эрх зүй, тамирчны эрүүл мэнд, сэтгэл зүй" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр/2024.05.31/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд допингийн маргааныг шийдвэрлэх олон улсын стандарт, спортын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, спортын арбитрын хөгжил, цаашдын чиг хандлага, допингийн биед болон сэтгэл зүйд үзүүлэх гаж нөлөө, сөрөг үр дагавар, допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн орчин, дасгалжуулагчийн эрх үүрэг зэрэг сэдэвт илтгэлийг тавьжээ.
УУЛЧДЫН ХОЛБООНООС СПОРТЫН АРБИТРТ ХАНДСАН
Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын ерөнхийлөгч Л.БАТЗАЯА:
-2009 оноос хойш бид спортод сэргээш хэрэглэхийн эсрэг конвенцид нэгдсэн. Сүүлийн хоёр жил хугацаанд допингтой холбоотой маргааныг спортын арбитрын дэргэдэх давж заалдах комисс шийдвэрлэж байгаа. Бүтэц бүрэлдэхүүн байгуулагдаад нэг жил өнгөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэхийн ажиллагааны хүрээнд гарч буй мэдээлэл, сурталчилгаа, допинг хэрэглэвэл ямар гаж нөлөө, үр дагавар вэ гэдгийг шинжлэх ухаан талаас нь хэлэлцүүлэг явуулах шаардлагатай байсан. Хоёрдугаарт, 300 гаруй тамирчдаас судалгаа авсан. Судалгааны үр дүнд, нэгдүгээрт тамирчдын эрхийг хамгаалах бүтэц бүрэлдэхүүн байхгүй учир байгуулаач мөн допингтой холбоотой сургалт алга учир энэ чиглэлийн ажил хийгээч гэсэн шаардлага ирсэн. Үүний дагуу Биеийн тамир, спортын улсын хороотой хамтарч байна.
-Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд танай байгууллага ямар санал дэвшүүлсэн бэ?
-Спортын арбитртай холбоотой заалт Үндэсний допингийн эсрэг дүрэмд орсныг хуульд албан ёсоор оруулах саналаа өгсөн. Хоёрдугаарт, мэргэжлийн спортод оролцож байгаа тамирчдын эрхийг спортын арбитраар хамгаалах хүссэн. Эдгээр заалт орсон эсэхийг мэдэхгүй байна. Бид нар саналуудаа өгсөн.
-Допингоос гадна өөр ямар төрлийн хэрэг маргаан спортын арбитр дээр ирсэн бэ?
-Манай дээр ирсэн допингийн хэрэг маргаанууд бүгд шийдэгдсэн. Одоо допингийн маргаан байхгүй. Харин уулчдын холбооны гишүүдээс холбооны удирдлагадаа гаргасан гомдол ирсэн. Одоогоор ямар утгатай гомдол ирснийг нь би мэдэхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа. Бүрэлдэхүүн томилогдсон.

СПОРТОО ОЙЛГОДОГ ХҮМҮҮС НЬ АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙНА
Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын удирдах зөвлөлийн гишүүн Э.ЗОЛЖАРГАЛ:
-CAS буюу олон улсын Спортын арбитр гэх байгууллага 1984 онд байгуулагдсан. 40 дэх жил нь тохиож байна. Монголд 2017 онд байгуулагдсан. Олон улсын олимпийн хороо, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын Спортын арбитраар хүлээн зөвшөөрөгдөж, допингийн болон спорттой холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх боломжтой болсон.
Монголд бол спортын арбитр хөгжлийнхөө шатан дээр явж байна. Дэлхийд 40 гаруй улс спортын арбитртай болжээ. Сүүлд л гэхэд Хятад Улс хуулиа батлаад спортын арбитртай боллоо. Япон л гэхэд 2003 онд байгуулагдаад цөөн тооны хэрэг шийдвэрлэж байсан бол сүүлийн жилүүдэд хэргүүдийн тоо нэмэгджээ. Манайх бол 2017 оноос хойш арав гаруй хэрэг шийдвэрлэжээ.Одоо Биеийн тамир, спортын тухай хуулиар Спортын арбирт аливаа маргааныг шийдвэрлэх заалттай. Олон улсад ч тийм. Гол нь тамирчдын допингтой холбоотой маргааныг спортын арбитр дээр давж заалдах боломжтой. Монголд анхан болон давж заалдах боломжтой.
-Спортын арбитраас өмнө хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэдэг байсан юм бэ?
-Өмнө нь шүүх дээр шийдвэрлэдэг байсан. Спортын арбитрын давуу тал нь мэргэжлийн. Арбитр дээр нэгхэн шатаар явахдаа спортын салбарынхан өөрсдөө оролцдог. Спортоо ойлгодог хүмүүс нь асуудлаа шийдэж байна гэсэн үг.

Холбоотой мэдээ