Гэр суурьшлын бүсэд Монгол гэрт суурилсан “Хүүхэд Хөгжлийн Тоглоомын загвар төв” -ийг монголдоо анхлан санаачлан Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрөөр албан ёсоор нээх гэж байна.
Энэхүү төв нь БЗД-ийн 21р хорооны дэргэд гэр хорооллын бүсэд байрлах бөгөөд бага насны хүүхдүүдийг тоглоомоор дамжуулан хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх ялангуяа гэр хороололд тоглоомын талбай байдаггүй орон зайг нөхөх, жилийн 4 улиралд тоглонгоо хөгжих боломжийг олгох юм.
Тус тоглоомын төв маань үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд 0-10 насны 20 хүүхэд нэг дор тоглох боломжтой бөгөөд өдөрт 90-100 хүүхдэд, жилдээ 5,000 орчим бага насны хүүхдүүдийн хөгжлийг нь дэмжих боломжтой юм.
Монгол гэрийн загвар болон үйлдвэрлэлийг Буман Соёмбо ХХК хийж гүйцэтгэн өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд барьж босгосон. Харин тоглоомын хувьд хүүхдэд ээлтэй, аюулгүй загварыг сонгон, Германд үйлдвэрлэх ажлыг Хонконгийн Rakoon Design ХХК хариуцан ажилласан. Германаас Монголруу тээвэрлэх олон улсын тээврийг OneSky байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмждэг ДиЗи консалтинг ХХК болон Монспед ХХК-ны тусламжтайгаар Монголдоо авчраад ийнхүү өнөөдөр хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсон байна.
Мэдээж энэ бүхнийг бодит болгож, гэр бүл хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулах боломжийг санхүүжилт дэмжлэггүйгээр бид төсөөлшгүй.
Төслийн нийт санхүүжилт 41000 ам.доллар шаардлагатай байснаас OneSky байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн Стивен Чипмен 31000 ам.долларыг хандивласан. Харин өнгөрсөн хагас жилийн хугацаанд бид 10000 ам.доллар буюу 35 сая төгрөгийг Голомт банктай хамтын ажиллагааны хүрээнд Social Pay, Шоффи платформоор дамжуулан олон нийтээс хөрөнгө босгох аяныг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар олон сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн хандив болж 600.000 гаруй төгрөгийг босгож чадсан байна.
Мэдээж Олон Улсын Хүүхдийн баяр учраас бид тухайн орчмын хүүхдүүдээ баярлуулах олон олон сюприз бэлдсэн байгаа.








Холбоотой мэдээ