NBA-ийн 2023-2024 оны улирлын аварга тодроход тун ойртлоо. Өнөөдөр/2024.05.31/ өрнөд бүсийн финалын цуврал дууссанаар финалд тоглох хоёр багийн нэр тодров.
Цувралын дөрөв дэх тоглолтод хожиж, шүүрдүүлэх аюулаас гарсан Миннесота Тимбервулвс өнөөдөр талбай дээрээ Даллас Мавериксыг хүлээн аван тоглосон ч Лука Дончич, Кайри Өрвин хоёрыг дийлсэнгүй. Даллас Маверикс баг цуврал таван тоглолтод Миннесота Тимбервулвс багийн буулган авч, NBA-ийн финалд шалгарлаа.
Ийнхүү дорнод бүсийн аварга Бостон Селтикс, өрнөд бүсийн аварга Даллас Маверикс багууд финалд учраа таарлаа. Хоёр багийн цувралын эхний тоглолт зургадугаар сарын 7-ны өглөө болно.
Бостон Селтикс баг түүхэндээ 23 дахь удаагаа финалд шалгарсан бол Даллас Маверикс 13 жилийн дараа түүхэндээ грав дахь удаагаа финалд хүрлээ.
Бостон Селтикс энэ улирал амжилтаараа NBA-ийг тэргүүлж, бүсийнхээ аваргаар ядах юмгүй тодорсон. Харин Даллас Маверикс бүсээсээ тавдугаар байраар плей-оффд шалгарч, Селтикстэй харьцуулахад хүнд замаар финалд хүрэв.
Хоёр баг улиралд хоёр удаа учраа таарахад Бостон Селтикс бүгдэд нь ялжээ. Тэд Мавериксын талбайд 119-110 гэсэн харьцаатай хожсон бол гэртээ 138-110 гэсэн харьцаатай илүүхжээ.
ФИНАЛЫН ОНЦЛОХ ТУЛААН
Энэ плей-оффд Лука Дончич, Кайри Өрвин хоёрыг зогсоох хамгаалагч одоогоор харагдсангүй. Учраа таарсан баг бүрийнхээ шилдэг хамгаалагчдыг олзлон авч, хомроглон довтлов. Хувийн ур чадвар, дайчин сэтгэл зүй, багтаа үзүүлж манлайлал, нөлөөгөөрөө дээрх хослолыг бүх цаг үеийн шилдгүүдтэй харьцуулж байна.
Тэгвэл эсрэг талд Жрү Холидэй, Деррик Уайт гэсэн NBA-ийн бүх хамгаалалтын багт нэрлэгдсэн яхир хамгаалагчдын хослол бий. Лигийн шилдэг довтолгооны хослолын эсрэг шилдэг хамгаалалтын хослол. Үр дүн нь ямар байх вэ гэдэг асуулт сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна.
НУУЦ ХӨЗӨР
Бостон Селтикст хэнд ч дэлгээгүй, удаан нөөж буй нэг нууц хөзөр байгаа нь Кристапс Порзингис. Плей-оффын эхний шатанд Майами Хитийн эсрэг хийсэн цувралд бэртэл авч, талбайг орхисноос хойш одоог хүртэл нар салхи үзээгүй явна. Бүсийн хагас шигшээ болон финалын цувралд ч түүнийг гаргаж ирээгүй. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бэртэл гэмтэл аль хэдийнэ эдгэрсэн аж. Одоо зөвхөн тохиромжтой цагийг, дасгалжуулагчийн дуудлагыг л хүлээж байна.
Мэдээж Даллас шиг Даниел Гаффорд, Дерек Лайвели зэрэг төвүүдийн эсрэг Ал Хорфорд ганцаардах төлөвтэй. Тиймээс Порзингисийн хэрэг гарах нь гарцаагүй. Мөн Деррик Жонес Жуниор, П.Ж.Вашингтон зэрэг будагтай талбай руу дайрдаг, тохдог тоглогчид Далласт бий. Тиймээс будагтай талбайг хамгаалах, найдвартай самбараас бөмбөг авах хүн Бостонд хэрэгтэй. Тэр хүн нь Порзингис.
БАГ БҮРИЙН ОНЦЛОГ
Бостон Селтикс – Гурван оноо
Бостон Селтикс энэ улирал гурван онооны шидэлт хийсэн тоо болон амжилттай болгосон тоогоороо лигийг тэргүүлжээ. Мөн гүйцэтгэлийн хувиараа ч лигт хоёрдугаарт жагссан. Тэдний энэ тактик плей-оффд ч хэрэгжив. Шидэлттэй тоглолтдоо илт давуу хожиж, шидэлтгүй цөөн тоглолтдоо хожигддог.
Бостон Селтикс плей-оффын нэг тоглолтод дунджаар 39.8 удаа гурваас шидэж байгаа бөгөөд үүний 14.6 нь амжилттай болж байна. Тэд 14 эсвэл түүнээс дээш удаа гурваас оруулсан тоглолт бүртээ хожиж, 9-0 гэсэн амжилттай явна.
Харин Маверикс 33.7 удаа шидэж, 12.4 удаа амжилттай болгож байна. Тэд 14 эсвэл түүнээс дээш удаа оруулсан тоглолтууддаа 6-1 гэсэн амжилттай.
Даллас Маверикс – Кайри Өрвин Бостонд буцаж ирнэ
Порзингис, Кайри хоёр хуучин багуудынхаа эсрэг өрсөлдөгчийн дүрээр эргэн ирнэ. Гэхдээ Порзингис Кайритай харьцуулахад Далласт үзэн ядагчгүй, хараалгах нь бага. Гэтэл Кайри Селтикс хоёрын харилцаа ямар вэ гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид эчнээ мэднэ. Кайри Бостонд ердөө хоёрхон улирал тоглосон ч фэнүүдийн хайр хүндэтгэлийг гэхээсээ илүүтэйгээр хараал зүхэл, үзэн ядалтыг мэдэрсэн. Селтиксийн бэлгэ тэмдгийг хөлөөрөө дэвсэлж, ордон дотор нь хүртэл арц уугиулж, ариутгаад амжсан түүхтэй. Селтиксийн фэн хүртэл түүн рүү усны сав шидэж байв.
Бостонд эргэн очих болсон Кайри Өрвин "Би Бостонд хүнд цаг үеийг туулсан. Гэр бүлд минь хагацал тохиосон. Үүнээс гадна талбайн гадуурх миний зохицуулж чадахгүй асуудлууд байсан. Харин би одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэх тэр тохиромжтой газраа байна. Бостон руу багийнхантайгаа хамт очиж, хөгжилдөхөд бэлэн байна. Бид Селтиксийг гайхалтай өрсөлдөгч гэж харж байна" гэв.
Хэрэв Бостон Селтикс энэ улирал түрүүлвэл NBA-ийн аваргаар 18 дахь удаагаа шалгарч, мөнхийн өрсөлдөгч Лос Анжелес Лэйкерс багаас нэгээр илүү гарна. Харин Кайри Өрвин, Лука Дончич хоёр тэдний энэ мөрөөдлийг зогсоож, багийнхаа хоёр дахь аваргыг авчрахыг хүснэ.
Холбоотой мэдээ