Хятад улс сүүлийн гурван жилийн хугацаанд робот таксиг хэрэглээнд нэвтрүүлэхээр багагүй хүчин чармайлт гаргасан. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд энэ сараас нийслэл Бээжин хотод робот такси явж эхэллээ. Эхний ээлжинд туршилтын маягаар дотроо хяналт тавих ажилтантай явах юм. Маршрутын хувьд хурдны галт тэрэгний гол буудлаас хотын өмнөд захын Ижуан руу 40 минут явах маршруттай.
Ижуан нь тавдугаар тойргийн замын гадна, галт тэрэгний буудал нь гуравдугаар тойрог дотор байдаг. Тиймээс хотын төвөөс зах хүрсэн энэ маршрут нь робот таксины үйл ажиллагаа ихээхэн өргөжсөнийг харуулна.
Робот такси ирэх 14 хоногтоо багтаад албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлнэ. Өдгөө засгийн газрын тусгай зөвшөөрлийг л хүлээж байгаа гэдгээ "Pony.ai"-ын дэд ерөнхийлөгч, Бээжин дэх судалгаа, хөгжлийн төвийн дарга Нин Жан хэлжээ. Энэ оны эцэс гэхэд нийт 50 гаруй робот такси дотроо хяналтын ажилтангүй явдаг болно гэж найдаж байгаа аж. Мөн дараагийн ээлжийн өргөтгөлд бусад дөрвөн төмөр замын өртөөг хамруулахаар төлөвлөж байна.
"Pony.ai" компани "Тоёота"-тай машин үйлдвэрлэл дээрээ хамтарч ажиллаж байна.
Дэлхийн бусад улсад ч бас робот такси хэрэглээнд нэвтрэхэд ойрхон байна. Тодруулбал, Элон Маскийн "Тесла" компани энэ оны наймдугаар сарын 8-нд робот таксигаа танилцуулна гэж саяхан зарласан билээ.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ