Б.Анхилуун: Намайг жижиг Ука гэхэд гоё санагдсан

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Б.Анхилуун: Намайг жижиг Ука гэхэд гоё санагдсан

Б.Анхилуун: Намайг жижиг Ука гэхэд гоё санагдсан

“The Voice Кids Мongolia” шоуны хайр татам оролцогч Б.Анхилуунтай ярилцлаа. Түүнийг дараагийн Ука гэж хүмүүс өхөөрддөг нь түүний өөртөө итгэлтэй, авьяаслаг, адтай зан чанартай холбоотой.


-Хоёулаа эхлээд танилцъя. ?

-Намайг Анхилуун гэдэг, 11 настай, тавдугаар ангид сурдаг. Хөгжим бүжгийн коллежийн хуучир хөгжмийн ангид сурдаг. Өмнө нь энгийн сургуульд сурч байгаад энэ жилээс шилжиж орсон.

-Яагаад хуучир хөгжмийг ангийн сонгов. Учир нь, охид балет эсвэл төгөлдөр хуурыг л түлхүү сонирхдог болсон санагддаг?

-Хуучир хөгжим надад маш их таалагддаг. Яагаад гэвэл цаанаасаа эмэгтэйлэг мэдрэмжийг надад илүү их төрүүлдэг. Анх суурь зүйлүүдийг нь дарж сурахад хэцүү байсан.

-“The Voice Кids Мongolia” шоунд орсон. Ямар санагдсан бэ?

-“The Voice Кids Мongolia” шоунд орохын тулд их хичээсэн, бэлдсэн бас их хугацаа зарцуулсан. Миний амьдралд маш гоё дурсамж бий болгосон. Анхны сонсох шатанд орохдоо ямар хувцас өмсөх үү гээд л их сандарсан.

-Чиний хувцасны стиль их гоё. Ээж чинь зөвлөдөг үү?

-Өмсөх хувцсаа ихэвчлэн ээж, эгчтэйгээ зөвлөлдөж сонгодог. Би өөрөө ч бас гоё хувцаслая гэж боддог. Яагаад гэвэл би хувцас загварт маш сонирхолтой.

-“The Voice Кids Мongolia” шоуны аль шат чамд хамгийн хэцүү байсан бэ?

-Хамгийн анхны сонсох шатан дээр шүүгч нараас эргэж харах болов уу гээд их сандарсан. Дараа дараагийн шатуудад ч гэсэн "намайг сонгох болов уу" гээд л их санаа зовсон. Харин финалын шатанд "би ялах болов уу" гэж бодсон ч гэсэн сандрал, айдас арилчихсан байсан.

-Чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?

-Миний хувьд нийт оролцогчдыг, багийнхаа хүүхдүүдийг ч тэр өрсөлдөгч гэж хараагүй. Хамгийн чухал нь үзүүлбэрээ яаж гоё үзүүлэх вэ гэдэгтээ л анхаарч байсан. Бусад хүүхдүүдэд гэхээс илүү өөртөө л анхаарах нь хамгийн чухал гэж боддог. Нэг ёсондоо өөрөө өөртэйгөө өрсөлдсөн гэх юм уу даа. Өмнөх шатанд оролцож байсан өөрөөсөө яаж илүү байж, үзүүлбэрээ хамгийн сайнаар, алдаа гаргалгүй тултал нь гаргах юмсан гэж хичээсэн.

-Шоуны бэлтгэлээ яаж төлөвлөж хийсэн бэ? Хичээлийнхээ хажуугаар шоундаа оролцоод бэлтгэлдээ цаг зарцуулах хэцүү байсан уу?

-Шоуны бэлтгэлийг дасгалжуулагч маань хамтран төлөвлөөд хийж байсан учир тийм ч хэцүү байгаагүй. Зохион байгуулагчид аль болох хичээлийг маань алдагдуулахгүй тусалдаг байсан учраас ямар нэгэн хэцүү асуудал байгаагүй гэж бодож байна.

-Чиний хувьд дуулах, бүжиглэх, хөгжим тоглох гээд маш олон төрлийн авьяастай юм байна шүү дээ. Үүнээс гадна өөр авьяас бий юу?

Би бас жүжиглэх авьяастай. Үүндээ ч маш их дуртай. Жүжигт тоглож байгаагүй ч гэсэн чадна гэж боддог. Гэр бүлд маань урлагийн хүмүүс байдаг болохоор ч тэр үү урлагийн бүх салбарыг сонирхдог. Өвөө маань Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Магсаржав гэдэг хүн байсан. Харин ах маань жүжигчин М.Наранмөнх.  Тиймээс би ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ адилхан урлагийн хүн болохыг хүсэж мөрөөддөг.

– “The Voice Кids Мongolia” шоунд оролцсоны дараа анги хамт олон, найз нөхөд чинь чамд яаж хандаж байна?

-Финалын тоглолт дууссаны дараа хүмүүс намайг  илүү их таньдаг болчихсон байсан. Фейсбүүкээр ч гэсэн маш их найзын хүсэлт ирсэн. Эхэндээ найзын хүсэлт олноороо ирээд сонирхолтой байсан ч гэсэн сүүлдээ залхмаар ч юм шиг мэдрэмж төрсөн /инээв/. Гэхдээ л олны танил болсон чинь гоё санагдсан. Миний дагагчдын тоо их нэмэгдсэн.

-Тэгвэл чамайг шүүгчид дараагийн Ука гэж хэлэхэд чамд гоё санагдсан уу? Юу гэж бодсон бэ?

-Бусад хоёр шүүгч маань намайг жижиг Ука шиг санагдаж байна гэж хэлсэн нь надад их гоё санагдсан. Намайг их адтай, сэргэлэн учраас тэгж хэлсэн байх гэж бодож байна. Тиймээс тэр үгийг сонсоод "дараагийн үзүүлбэрээ гоё үзүүлье" гэж бодоод их хичээсэн.

-Ямар төрлийн дуу хөгжимд дуртай вэ? Ямар уран бүтээлч сонсдог вэ?

-Би кпоп хөгжимд дуртай. Гадаадаас гэвэл Blackpink хамтлаг сонсдог. Харин Монголоос Ука шүүгчийнхээ дуунд дуртай.

-Анх яагаад дуулья гэж шийдсэн бэ?

-Анх Blackpink хамтлагийн дуунуудыг сонсоод л ямар гоё дуулж бүжиглэдэг юм бэ гэж бодсон. Тэгээд л өөрийнхөө хүсэл сонирхлоор бусад дуучдыг ч гэсэн харсаар байгаад л дагаад дуулаад бүжиглээд сурчихсан.

-Тэгвэл цаашдаа ямар чиглэлээр дуулья гэж бодож байна вэ?

-Би кпоп айдол болох мөрөөдөлтэй. Монголдоо айдол болох боломжтой гэж боддог ч гэсэн одоогийн байдлаар Солонгос улсад шалгаруулалтад ороод кпоп айдол болно гэсэн зорилготой байгаа. Солонгост сурснаар олонд танигдах боломжтой гэж бодож байна. Ер нь Монголдоо гэлтгүй дэлхийд алдартай болохыг хүсдэг дээ.

Чамайг чадна гэдэгт итгэж байна. Удахгүй хүүхдийн баяр боллоо шүү дээ. Чиний хувьд хүүхдийн баяртай холбоотой хамгийн гоё дурсамж чинь юу вэ?

-Бэлэг авах л хамгийн гоё. Хүүхдийн баярыг ихэвчлэн гэр бүлээрээ тэмдэглэдэг. Тийм учраас надад баяр болгон л дурсамжтай сайхан санагддаг. Гэр бүлээрээ хамт байна гэдэг хамгийн сайхан зүйл гэж боддог. Тийм ч учраас би хүүхэд бүрийг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Дан ганц баяраар ч гэлтгүй бүх хүүхдүүдийг аз жаргалтай, тайван, эморохгүй байгаасай гэж боддог. Бүх хүүхдүүддээ баярын мэнд хүргэе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж