Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Монголд дээр, дооргүй суудлаа, гүйдлээ олохгүй удаж байна. Хамгийн наад зах нь Үндсэн хуулийн шүүх гэгддэг Цэц нь даргаа сонгож чадахгүй хагас жил гаруйн нүүр үзэж, гишүүдийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн хүндээ суудлаа тавьж өглөө. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилох саналыг хэлэлцэн, баталлаа. Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас тэднийг томилсон байгууллагуудаас дараагийн гишүүдийг санал болгон томилуулсан нь энэ юм. Цэцийн шинэ гишүүдийг томилохдоо УИХ-ын гишүүд нууц санал хураалт явуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.3 хувийн дэмжлэгтэйгээр томилгоог батласан юм.
Үндсэн хуулийн Цэц үеийн үед эрх баригч намын эрх мэдэлтэй дарга нарт үйчилж ирсэн нь худлаа биш. Энэ удаад Үндсэн хуулийн Цэцийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "өвөртөө" хийж авсан гэх хардлага улс төрийн хүрээнд яригдаж байна.
Цэцийн бүрэлдэхүүнийг дан нэг намын эсхүл нэг талын төлөөлөл давамгайлахаас сэргийлж, тэнцвэртэй байлгах үүднээс Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс тус тус нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилээр томилогддог тогтолцоотой. Тэд хэнээс ч хараат бус зөвхөн Үндсэн хуульд захирагдаж, Үндсэн хуулийн манаач болох ёстой. Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөө гээд Үндсэн хуулиар олгогдсон хамгийн үнэтэй бүхнийг нүдний цөцгий мэт хайрлаж, тийшээ хошуу, хуруугаа шургуулах гэсэн хэний ч хоншоорыг нь тас цохих хүчтэй байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц өнөөдөр Үндсэн хуульдаа манаач болох нь бүү хэл мануухайн үүргийг гүйцэтгэж чадахгүй, засаглалын хямралд орсон нь Үндсэн хуулийг хяналтгүй, хамгаалагчгүй болгоход хүргэсэн.“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэж заасан байдаг ч өнгөрсөн хугацаанд хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх шалгуур үзүүлэлтээс илүү томилсон эзнийхээ даалгавар, дохиураар ажиллах дуулгавартай хүнийг сонгодог болсон гэх шүүмжлэл ч бий.
Оны өмнөхөн хийгдсэн Цэцийн гишүүдийн томилгоо иргэдээс өндөр оноо авсан. Тухайлбал, Д.Одбаяр, Н.Чинбат, Н.Нанзаддорж нарыг чөлөөлж, тэдний оронд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг томилсноор Үндсэн хуулийн Цэцийн 50 хувь нь шинэчлэгдсэн. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцэд шинэ хүмүүс томилогдсоноос өөр шинэчлэлт явагдаагүй. Ямартай ч явах нь явж, ирэх нь ирсэнээр Цэц бүрэн бүтэн боллоо.
УИХ САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Ц.Цолмон-2024.05.30-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Р.Батрагчаа-2024.05.30-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Б.Болдбаатар-2024.05.30-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Э.Энхтуяа-2023.11.16-ны өдөр томилогдсон.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:
- Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулган-2021.03.26-ны өдөр томилогдсон.
- Цэцийн гишүүн Д.Гангабаатар-2021.10.07-ны өдөр томилогдсон
- Цэцийн гишүүн О.Мөнхсайхан-2023.11.16-ны өдөр томилогдсон.
Салбартаа нэр хүндтэй, хуульзүйн болоод улс төрийн өндөр мэргэшилтэй хэмээн шилж, шигшиж томилсон эдгээр гишүүд цаашид үнэхээр Үндсэн хуулийн манаач байх, Үндсэн хуулийн шүүх, шүүгчийнхээ үүргийг биелүүлж чадах эсэхийг харах л үлдлээ. Тэдний хамгийн эхний ажил бол даргаа сонгох юм.
Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгохоор заажээ. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан бол ахмадыг нь Цэцийн дарга томилно гэсэн байдаг.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгалан, Ц.Цолмон намрын нэгийг томилохоор тохирсон гэх мэдээлэл байгаа бөгөөд ойрын өдрүүдэд Цэц хуралдаж, даргаа сонгох юм байна.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн Цэц Г.Совд, Н.Жанцан, Ж.Бямбадорж, Ж.Амарсанаа, Д.Одбаяр, Н.Чинбат гэсэн зургаан даргатай байсан. Хамгийн сүүлд бүрэн эрх нь дуусгавар болсон Н.Чинбатын оронд Цэцийн дараагийн дарга хэн байх талаарх зодоон хөшигний ард удаан үргэлжилсэн. Энэ зодоонд богино хугацаанд цэг тавихгүй бол Үндсэн хуулийн хямрал руу улсаараа гулсах аюултай. Тиймээс шинэчлэгдсэн Цэцийн гишүүдийн шийдвэр шинэчлэл авчирна гэж найдаж байна. Эцэст нь Цэцийн дарга аль талаас томилогдох нь олон зүйлийн зангилааг тайлах юм.
Холбоотой мэдээ