Усан диваажинд цангагсад

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Усан диваажинд цангагсад

Усан диваажинд цангагсад

Карибын тэнгис гээд бодохоор өдөр тутмын уйтгарт хэв маягаасаа зугтах усан диваажин санаанд орно. Гэвч үзэсгэлэнт наран шарлагын газар, ногоон байгууламж дунд амьдарч буй оршин суугчдад бидний хэзээ ч төсөөлөөгүй асуудал бий. 

Тодруулбал, Карибын тэнгисийн арлууд усны хямралд өртөж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус бүс нутгийн бүх арал усны хомсдолд орсон. Жишээлбэл, Тринидад сүүлийн үеийн хамгийн аймшигтай ган гачигтай тулгараад байгаа бөгөөд оршин суугчид нь ирэх сарын эцэс хүртэл усны хязгаарлалтад орохоос өөр аргагүй болжээ. Мөн Доминикагийн цэвэр усны нөөц мэдэгдэхүйц буурч, усны хомсдол улам бүр нэмэгдэж байна. Харин Гренада арлын улсын системд ган гачиг сөргөөр нөлөөлжээ. Ямайка, Сент Винсент, Сент-Китс, Барбадос гээд бусад газарт ч ялгаагүй усны хязгаарлалттай тулгарсан байна. 

Карибын тэнгис бол дэлхийн хамгийн их усны дарамттай бүс нутгийн нэг гэдгийг сүүлийн үеийн тоо баримт бэлхэн харуулж байна. Усны хямралын үндсэн шалтгааныг ойлгож, усан хангамжийн системийг сайжруулах үр дүнтэй, боломжийн арга замыг олох нь чухал юм. 

ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТЭЭС ДАВЖ БАЙГААГИЙН ГУРВАН ШАЛТГААН

Хур тунадасны хэмжээ болон ган гачиг нь Карибын тэнгисийн усан хангамжид хүндрэл учруулж байгаа ч усны эрэлт хэрэгцээ өөр хэд хэдэн шалтгааны улмаас нийлүүлэлтээс давж байна.

Хотжилт, үйлдвэржилт: Карибын тэнгис бол дэлхийн хамгийн хурдацтай хотжиж буй бүс нутгийн нэг юм. Хүн амын дөрөвний гурав орчим нь хотод амьдардаг. Сүүлийн үед энэ хувь нэмэгдсээр байгаа нь усны системд дарамт болж байна. Үүний зэрэгцээ үйлдвэржилт, хөдөө аж ахуйн үйл ажилагаанаас шалтгаалаад усны чанар доройтож, эмзэг нөөц бүхий газрууд хямралд өртөх болжээ. 

Цэвэр усны эрэлт ихэссэнээр эмзэг эх үүсвэрээс ус татахаас өөр аргагүй болсон. Сент Люсиа дахь газар тариалангийн томоохон нийгэмлэг болох Деннери Норт хотод усны хомсдол үүссэний улмаас оршин суугчид гол мөрөн болон бусад эх үүсвэрээс ус татаж байна. 

Мөн газрын доорхи усыг замбараагүй олборлох нь асуудлыг улам хүндрүүлнэ. Олон арлууд гүний уснаас хамааралтай байдаг. Жишээлбэл, Барбадосын усан хангамжийн 90 хувь, Ямайкагийн 84 хувь нь гүний ус байдаг.Гэсэн хэдий ч эрэлт нэмэгдэж, хур тунадасны хэв маяг өөрчлөгдсөн нь уст давхарга, гүний усны хэмжээнд нөлөөлж байна. 

Усан аялал жуулчлалын эрчимжилт: Карибын тэнгис бол аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг. Тиймдээ ч аялал жуулчлалын эдийн засаг нь уснаас нэн ихээр хамаардаг. Усны хязгаарлалт хийх үед зочид буудал гэх мэт жуулчдад хамааралтай газрууд эхний ээлжинд аюулгүй үлддэг. Энэ нь орон нутгийн оршин суугчдыг хэдэн цаг, тэр бүү хэл хэдэн өдрөөр усгүй болгоход хүргэдэг бөгөөд ашиглалтын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд торгууль төлөх нь ч бий. Өөр олон хүчин зүйлийн улмаас аялал жуулчлал нь усны хэрэглээг нэмэгдүүлж, усны нөөцийг бохирдуулдаг.

Усны дэд бүтэц муу: Цэвэршүүлсэн ус хэрэглэгчдэд хүрэхээсээ өмнө замдаа их хэмжээгээр алдагддаг нь усны системийн томоохон асуудал. Гайгүй сайн ажиллагаатай ус хангамжийн байгууллага хүртэл 30-иас илүү хувийн алдагдалтай байдаг. Тодруулбал, энэ нь урсаж гоожсон, тоолуурын алдаа гарсан, хулгайд алдсан зэрэг ямар нэг шалтгаанаар хэрэглэгчид хүрч чадалгүй алдагдсан ус юм. Карибын тэнгисийн орнуудад ийм усны дундаж хэмжээ 46 хувь, зарим газарт нь 75 хувь хүрдэг.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БАЙДЛЫГ УЛАМ ДОРДУУЛАВ

Хар салхи, үер зэрэг цаг агаарын эрс тэс нөхцөл байдал нь дэд бүтцийг сүйтгэж, урт хугацааны тасалдал үүсгэн, өндөр өртөгтэй засвар хийхэд хүргэдэг.

Карибын тэнгис бол гамшигт хамгийн өртөмтгий хоёр дахь бүс нутаг юм. Бүс нутгийн арлууд газар хөдлөлт, хөрсний гулгалт, сүйрлийн хар салхи болон бусад гамшигтай байнга тулгардаг. Дэлхийн температур, далайн түвшин нэмэгдэхийн хэрээр эдгээр эрсдэл ч улам ихэсч байна. 

2017 онд болсон Мариа хар салхины дараа Карибын тэнгисийн хүн амын 14 хувь нь гурван сарын турш ундны усгүй байв. Мөн 2019 онд болсон Дориан хар салхи бүс нутгийн нэр бүхий усны корпорациудад 54 сая ам.долларын хохирол учруулжээ. 

БОРООНЫ УСЫГ ЦУГЛУУЛААД НЭМЭРТЭЙ ЮУ?

Дэд бүтцийн сайжруулалт, хөрөнгө оруулалт нь усны алдагдлыг бууруулахад тусална. Мөн борооны ус цуглуулах гэх мэт олон зуун жилийн турш ашигласаар ирсэн арга ч бий. Ингэхдээ ихэвчлэн дээврээс урсаж буй борооны усыг тосч, цаашид ашиглах зорилгоор хадгалдаг. Дараа нь усалгаа болон бусад ахуйн хэрэглээнд ашигладаг аж. 

Одоогоор борооны ус хураах ажлыг төвлөрсөн усны менежментийн системийн нэг хэсэг болгон зохицуулсан зүйл үгүй. Энэ ажлыг төвлөрсөн усны системтэй хослуулан эрлийз ус болгож чадвал бүс нутгийн усны асуудлыг шийдвэрлэхэд дэмтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Борооны ус цуглуулах, гүний ус эсвэл дахин боловсруулсан саарал ус гэх мэт төвлөрсөн бус эх үүсвэрүүд нь хомсдолын үед нөөц эх үүсвэр болох юм. 

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж