Юнител групп соёлын үнэт өвийг Чингис хаан музейд хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2024.05.31-нд нийтлэгдсэн

Юнител групп соёлын үнэт өвийг Чингис хаан музейд хүлээлгэн өглөө

Юнител групп соёлын үнэт өвийг Чингис хаан музейд хүлээлгэн өглөө

Юнител групп Хубилай хааны тайлга тахилга, зан үйлийн үед дуулагддаг байсан Чингисийн магтуу хүндэтгэлийн дууг буулгасан соёлын үнэт өв бүхий пянзыг эх орондоо авч ирэн Чингис хаан үндэсний музейд хүлээлгэн өглөө.

Энэ оны дөрөвдүгээр сард Юнител групп арт аяллын багтай хамтран Япон улсын Токио хотод хийсэн “Арт аялал”-ын үр дүнд “Азийн дуу хоолой” цоморлогийг судлан олж эх орондоо залж авч иржээ. “Азийн дуу хоолой” хэмээх уг пянзанд Азийн олон орны дуу багтсаны гурав нь монгол дуу юм. Энэхүү гурван дууны нэг нь их эзэн Чингис хааны тайлга тахилга, зан үйлд дуулагддаг хүндэтгэлийн  “Магтуу дуу” багтсанаараа тус бүтээл соёлын ховор үнэт өв билээ. Уг бүтээлийг Чингис хаан үндэсний музейд хүлээлгэн өгч буй нь цаашид хүүхэд залуучууд хөгжим сонирхогч, судлаачдын хувьд судлан түгээн дэлгэрүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Уг магтуу дууны талаар Япон улсын хөгжим судлаач Таки Рёоичи “Их эзэн Чингис хааны магтуу дууг тайлга тахилга, зан үйлийн үеэр дуулж байсан хүндэтгэлийн дуу” хэмээн бичиж тэмдэглэсэн байна. Монголын үнэт соёлын биет бус өвийг багтаасан “Азийн дуу хоолой” пянзыг 1940 онд Япон улсын “Columbia” лэйблээс эрхлэн хэвлүүлжээ. Энэхүү пянз нь соёлын үнэт бүтээл  болох “Азийн дуу хоолой” нэртэй цоморлог пянз.  Хубилай хааны үед дуулагдаж байсан Чингис хааны магтуу дуу орсон гэдэг утгаараа  монголчуудын хувьд маш үнэ цэнтэй, соёлын биет бус өвийг шингээсэн бүтээл юм. 

Юнител группийн маркетингийн менежер Ж.Нарантуяа: Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын тэргүүлэх чиглэлийн нэг нь өв соёлыг хойч үедээ сэргээн өвлүүлэх төсөл хөтөлбөр юм. Үүний нэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн шог зураач С.Цогтбаяр болон түүний арт аяллын багтай хамтран  дэлхийгээр тарсан монголчуудын биет болон биет бусыг эрж хайж зураг болон аудио бичлэгээр баримтжуулан авч үлдэх зорилготой. 2024 оны арт аяллын үр дүнд Чингис хаан үндэсний музейд хандивлаж буй Чингис хааны Магтуу дууг багтаасан пянз юм.

 

 

 

 

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион: Монголын соёл урлагийн нэг том соёл бол пянзны соёл байдаг. Тэр утгаараа Япон улсаас эх орондоо авч ирсэн энэхүү пянзанд Чингисийн Магтуу дуу багтсан гэдгээрээ маш онцлогтой. Юнител групп, арт аяллынхан монголчууддаа үзүүлэх боломжийг нээж Чингис хаан музейд гардуулан өгч байгаа нь маш сайхан байна. Эртний пянз учраас дуугарч байгаа нь хүртэл амттай байлаа. Хуучны пянз болгон маш үнэ цэнтэй. Марк шиг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсч байдаг. Энэ бол бидний өв соёл.

Чингис хаан үндэсний музейн музей үзүүлдэг хэлтсийн дарга Н.Хосбаяр: Чингис хаан үндэсний музей үзэл баримтлалынхаа хувьд монголын түүх болон хаад язгууртны түүхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үүргийг хүлээдэг. Юнител группийн зүгээс Арт аяллын багтай хамтран Чингис хаан үндэсний музейд Чингис хааны Магтуу дууг багтаасан пянзыг бэлэглэлээ. Уг пянз нь Хубилай хааны үед амнаас ам дамжин дуулагдаж явсаар 1940-өөд оны үед соронзон хальсанд бичигдэн үлдсэнийг Юнител группийн хамт олон судалж тогтоон эх орондоо авч ирсэн нь сайшаалтай байна. Энэхүү ховор нандин бүтээлийг  Чингис хааны үндэсний музейд байршуулснаар дижитал хальс, соронзон бичлэгт үлдсэн ая аялгууг хадгалах сан бүрдэх эхний алхмыг тавьж байна.

 

Шог зураач С.Цогтбаяр: “Азийн дуу хоолой” пянзны  цуврал маш алдартай. Арваад пянзтай энэ цуврал бүтээлд Азийн олон орны дуу бий. Энэ дунд гурван монгол дуу багтсан байгаагийн нэг нь монголчуудын хувьд маш үнэ цэнтэй бүтээл байгаа. Энэ нь Чингис хааны магтуу гэдэг найрал дуу юм. Уг пянзыг бичүүлсэн хөгжим судлаачдын тайлбараас харахад Хубилай хааны үед тайлга тахилга, зан үйлийн зориулалттай хүндэтгэлийн дуу байсан гэдэг нь тодорхой болсон. Пянзтай хамт Чингисийн магтуу дууны нот хамт ирсэн. Чингис хаан үндэсний музейн дэргэдэх ардын урлагийн хамтлаг сэргээн дуулахаар төлөвлөж байгаа. Цаашид тэмдэглэлт өдрүүдэд болон Чингис хааны тахилгын үеэр хүндэтгэлийн танхимд тусгайлан залж дуугаргаж байх боломжтой болж байна.

Юнител групп 2018 оноос эхлэн ОХУ-ын Санкт-Петербург, Япон улсын Токио , АНУ-ын Вашингтон, Нью-Иорк хотоор хийсэн “Арт аялал”ын багийн судалгаа эрэл хайгуулд ивээн тэтгэгч, хамтран дэмжигчээр оролцож байсан билээ. Эдгээр аяллуудын үр дүнд  Монголдоо авч ирсэн олон зуун түүхэн гэрэл зургууд, газрын зураг, ховор баримт эх сурвалжууд, кино хальс, соёлын эд дурсгал зэрэг зүйлс  шинжлэх ухааны эргэлтэнд орж олны хүртээл болгожээ. Эдгээр түүхэн үнэ цэнтэй баримт зургуудаас бүрдсэн үзэсгэлэн удаа дараа  зохион байгуулагдаж Монголын түүх гэрэл зурагт 12 боть ном хэвлэгдэн гарсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж