УИХ-ын дарга асан З.Энхболд, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар муудалцав. Улаанбаатар хотод метро байгуулах төслийн хүрээнд холбогдох газрууд уржигдар Энхтайвны өргөн чөлөөний дагуу инженер геологийн судалгааны өрөмдлөг хийх цэгүүдийг тэмдэгжүүлж эхэлсэн юм. Энэ ажлыг нь УИХ-ын дарга асан З.Энхболд өлгөж аван сошиал хуудсандаа “Хашааны шонгийн нүх ухдаг суулгадаг өрмөөр метро барихгүй ээ, МАНгарууд” гэж “жиргэсэн”юм.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Өрөмдлөг хийхээс өмнө цэг тавьж, акт үйлддэг ажил хийгдэж байна. Улс хөгжихөөс үхтэл айдаг комплекстой нөхөрдөө. Улс төрийн карьер нь дууссан. Аа тийм бас хүнд өвчтэй, хэзээ мөдгүй болсон юм шиг байна лээ дээ. Метро тавьтал миний нас гүйцэхгүй гээд жиргэсэн байсан зайлуул” гэв.
УИХ-ын дарга асан З.Энхболд бууж өгсөнгүй “Хотын даргын уур нь хүрчээ. МАН яагаад метро барьж чадахгүй вэ гэдгийг түүх судлаад бичлээ. Дарханы 200-хон км замыг 8 жил засаад дуусгаж чадаагүй МАН метро барилаа юу? Яагаад чадахгүй вэ гэдгийг доорхи энгийн статистик харуулна. МАН МАХН 1921 оноос 2012 хүртэл 91 жил оролдоод 3000 хүрэхгүй засмал зам барьсан байдаг. Жилд 33-хан км зам барьсан. Харин АН 2012-2016 оны хооронд 4-хөн жилд 3000 км засмал замыг Чингис бондын санхүүжилтээр барьж дуусгасан. Жилд 750 км буюу МАН-аас 22.7 дахин хурдтай барьсан. АН бол харин 4 жилд метрог барьж дуусгана” гэсэн юм.
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор эрх баригч нам болох МАН метро барих амлалт өгөөд буй. Метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур байна. Метрог 2028 онд ашиглалтад оруулахаа мэдэгдсэн. Гэвч цахилгааны эх үүсвэргүйгээр метрог ашиглах боломжгүй тул Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хуралдаанаас холбогдох шийдвэрүүдийг гаргасан.
Метротой болох асуудал 2000 оны эхэн үеэс яригдсан ч ажил хэрэг бололгүй 20 иод жилийн нүүр үзсэн тул олон нийтийн хувьд ч төсөл хэрэгжинэ гэдэгт итгэл бага байгаа юм. Гэхдээ энэ удаад хөрөнгө мөнгө шийдвэрлэснээс эхлээд олон ажил хийгдэж байгаа тул горьдлого бас төрүүлэх болсон.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ