2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд горилж буй дараагийн содон дүрүүдээр Шинэ нэгдсэн эвслийнхнийг онцолж байна. Тус эвсэлд олон сонирхолтой дүрүүд байгаагаас хамгийн онцлог нь бусад нам эвслээс теннисчид, олны танилууд олонтой.
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООГ БАЗАГЧ ШИНЭ ЭВСЛИЙГ ЖАГСААЛТАД ТОЛГОЙЛНО
Монголын уламжлалын нэгдсэн нам Шинэ нам хамтран Шинэ нэгдсэн эвслийг байгуулаад байгаа. Тус эвсэл 104 горилогчийг дэвшүүлэхээр болсон бөгөөд даргаар нь Монголын теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга томилогдсон. Шинэ нэгдсэн эвсэл шинэ хөгжлийн эдийн засаг, шинэ мөнгөний бодлого, шинэ төрийг шинэчлэх уриатайгаар мөрийн хөтөлбөрөө сонгуулийн ерөнхий хороонд өгч, батлуулжээ.
Шинэ нэгдсэн эвслийн дарга Ц.Гантулга Дорноговь аймгийн уугуул бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Төмөрт өргөө” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2016 онд Монголын теннисний холбооны ерөнхийлөгч болж байсан юм. Тэрбээр, эвсэлд маань ямар ч хулгайч байхгүй. Манай намд улс төрийн хэрэгт, луйварт орсон хүн байхгүй. Нэр дэвшигчдийн 30 хувь нь залуучууд байгаа бол 35 хувь нь доктор буюу түүнээс дээш эрдмийн цол зэрэгтэй хүмүүс байгаа гэдгийг мэдэгдэж, жагсаалтаа тэргүүлэхээр болсноо тав хоногийн өмнө мэдээлсэн.
МОНГОЛЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООСОН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕРЫГ БАГТААВ
Одоогоос дөрвөн жилийн өмнө ширээний теннисний спортоор Монгол Улсын таван удаагийн аварга, Монголын дээд амжилтыг тогтоосон олон улсын хэмжээний мастер Тогосын Болд гавьяат тамирчин цол хүртэж байв. Тэрбээр тус спортод чамгүй олон жил зүтгэсний хүчинд холбооны ерөнхийлөгчөө дагаад УИХ-д горилжээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Болд нь 1990-ээд онд олон улсын ширээний теннисний холбоотой МШТХ-г дахин холбож өгсөн гавьяатай тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн.
Одоо тэрбээр Шинэ нэгдсэн эвслийн жагсаалтын 17-рт эрэмбэлэгдэж байгаа юм.
ОЛИМПИЙН ХОРООНЫ ГИШҮҮН, "TALK TALK ENGLISH"-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, СПОРТЫН МАСТЕР 10-Р ТОЙРОГ ГОРИЛНО
Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Чимэддоржийн Амарсанаа УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт горилж байна.
Шинэ намын ерөнхий зөвлөлийн гишүүн тэрбээр одоо Олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүнийг албыг хашдаг.
Тэрбээр мөн “Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар, “Бали-2023” наадмын Монголын багийн ахлагчаар томилогдож байсан.
Д.СҮХБААТАР ЖАНЖИНЫ ГУЧ Д.СҮХЖАРГАЛМАА ШИНЭ НАМД НЭГДЭВ
Иргэний хөдөлгөөний намын дэд даргаар ажиллаж, сүүлийн 10 гаруй жилд улс төрд их л идэвхтэй байсан Д.Сүхжаргалмаа энэ удаагийн сонгуульд Шинэ нэгдсэн эвслийн жагсаалтын эхний 10-т багтжээ. Түүний хувьд Ерөнхий сайдын жендерийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх.
Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Сүхжаргалмаагийн хувьд сарын өмнө Шинэ намд нэгдэж, гишүүнчлэлээ авсан.
Тэрбээр, орчуулагч, судлаач, Жендерийн хуулийг санаачлагч, нийгмийн зүтгэлтэн гуншинтай.
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЗЭВҮҮН ЯРИАНЫ ХӨТЛӨГЧ ГОРИЛНО
"Зэвүүн яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнх 2024 оны УИХ-ын сонгуульд "Шинэ нам"-аас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан. Гэвч түүний хүсэлт эвсэлд шилжиж Баянгол дүүрэг буюу УИХ-ын 9-р тойрогт нэр дэвшихээр болжээ.
Шинэ намын төв зөвлөлийн гишүүн түүний хувьд улс төрийн туршлагагүй ч амбицтай гэдгээ мэдэгдсэн.
Т.Оргилмөнх, надад зарим хүмүүс шиг худалдаж авсан, аргалж авсан олон диплом байхгүй. Гэхдээ амьдралын ухаан, хүмүүжил гэж хоёр том боловсрол байгаа гэж боддог. Бас хэнд ч худалдагдаж үзэл бодлоосоо өөр замаар явсангүй. Хэнээс ч санаа зоволгүй үзэл бодлоо хэлсээр ирсэн. Ард иргэд нэр дэвшлээ гэж муулна гэхдээ муулуулахаас айж ирээдүйгээ бусдын гарт өгмөөргүй байна. Залуу хүний хувьд өөрөө оролцох шийдвэр гаргасан гэсэн юм.
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЕРТӨНЦ ТББ-ЫН ТЭРГҮҮН Э.ЭНХЗОРИГ
УИХ-ын 8-р тойрог Баянзүрх дүүрэгт цар тахлаас хойш нийгмийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж байгаагаа олонтой мэдэгдэж хэвлэлийн хурлаар нийтэд танигдсан Э.Энхзориг горилж буй. Түүний хувьд Шинэ намын ерөнхий зөвлөлийн гишүүн бөгөөд "Хүүхдэд ээлтэй ертөнц" төрийн бус байгууллагын тэргүүн аж.
Тэрбээр, 2019 оноос хойш залуучуудын төлөөлөл болж, тэднийхээ өмнөөс энэ нийгмийн төлөө дуу хоолой болж явсан.
Таван жилийн хугацаанд хулгайчдыг өөрчилнө гээд дуугарч явсны үр дүнд юу болсон бэ гэхээр надад эрүүгийн хэрэг үүсгээд шүүхийн шатанд нэг жил гаруй хугацаанд явж байна. Эцэстээ ойлгосон зүйл нь аль нэг зөв бодлоготой улс төрийн намыг сонгож, өргөн бүрэлдэхүүнээр энэ бүхэнтэй тэмцэх юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би улс төрийн намуудыг судалж эхэлсэн. Одоо биднийг удирдаж байгаа хулгайч нарыг дэвшүүлэхгүй ямар нам байгааг юуны өмнө судалсан. Ингээд хэдхэн хоногийн өмнө улс төрийн шийдвэр гаргаж, Шинэ намыг сонголоо. Учир нь Шинэ нам нь аж үйлдвэржсэн улс орныг бий болгохын төлөө яваа юм байна, байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хүртээх юм байна, хамгийн гол нь хууль бус асуудалд оролцсон хүмүүс энэ намд байхгүй юм байна гэж мэдээлсэн.
Холбоотой мэдээ