Б.Баярмаа: Үргүйдлийн шалтгааныг буруу оношилж байсан

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Б.Баярмаа: Үргүйдлийн шалтгааныг буруу оношилж байсан

Монголд анх үр шилжүүлэн суулгах ажиллагааг амжилттай хийсэн “Ануухай” эмнэлгийн эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эндокринологич Б.Баярмааг  “ярилцах танхим”-даа урилаа.

-Та үр шилжүүлэн суулгах ажиллагааг Монголд  анх хийлээ. Харин хамгийн анх аль улсад, хэзээ хийсэн байдаг юм бол?

-Үүнийг  эвсэл үр шилжүүлэн суулгах арга гэдэг. Энэ нь эр, эм бэлгийн эсийг тусгай лабораторийн тусламжтайгаар биеийн гадна үр тогтоож эхийн саванд суулгахыг хэлдэг. Ингэснээр эр, эм үргүйдлийг анагаах ухааны талаас бүрэн төгс шийдэж байна гэсэн үг. Энэ аргыг 1978 онд Англид анх амжилттай туршсан байдаг. Харин Монголд 31 жилийн дараа амжилттай хийлээ.

-Урд нь Монголд үр шилжүүлэн суулгах туршилт явагдаж байсан гэж сонссон юм байна?

-Миний санаж байгаагаар хоёр жилийн өмнө ЭНЭШТ-ийн эмч нар эр бэлгийн эсийг авч угаах арга хэрэглэн эхийн саванд шахах туршилт хийж байсан. Үүнийг үр шилжүүлэн суулгах гэж нэрлэхгүй. Эрэгтэй үргүйдлийн үед голчлон хэрэглэгддэг хамгийн энгийн үйл ажиллагаа байгаа юм. Үүний дараах процесс нь байгалийн жамаар л үр тогтох юм шүү дээ. Тухайн үед улсын төсөв хүрэхгүй, угаах шингэн байхгүйгээс зогссон юм билээ.

-Та үр шилжүүлэн суулгах чиглэлээр хаана мэргэшсэн бэ?

-Би Анагаах ухааны дээд сургуулийг Румины Бухарист хотод төгсч, үр шилжүүлэн суулгах, дурангийн хагалгааны чиглэлээр Сөүлийн их сургуульд мэргэшсэн. Эвсэл үр шилжүүлэн суулгалтыг надтай нийлээд хоёр эмч, эмбрелогич гэсэн бүрэлдэхүүнтэй хийсэн. Энэ аргыг амжилттай болоход эмчээс гадна эмбриологич маш их үүрэг гүйцэтгэдэг. Эмчийн авч өгсөн эсийг үр тогтох хүртэлх бүх ажлыг эмбриологич хийдэг юм.

-Энэ үйл ажиллагааг хийхэд ямар нэгэн зөвшөөрөл хэрэгтэй нь тодорхой. Танай баг зөвшөөрөл авсан уу?

-Стандарт гэж байгаа. Манай багийнхан стандартыг нь хангаж, эмчлэх тусгай зөвшөөрөл авсан. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Европын холбоо, АНУ-ын Нөхөн үржихүйн холбооны дагаж мөрдөх журмыг мөрдөж байна.

-Энэ арга үргүйдлийг бүрэн төгс эмчилдэг гэлээ. Нийт гэр бүлийн тэдэн хувь ньүргүйдлийн асуудалтай байдаг гэсэн судалгаа хийсэн үү?

-Сүүлийн үед хийсэн судалгаа ер байдаггүй. Гэхдээ Монголын нийт гэр бүлийн 12 гаруй хувь нь үргүйдлийн асуудалтай гэсэн судалгаа бий. Дэлхийн жишгээр ч гэсэн ийм хувь гарсан байдаг. Харин үр шилжүүлэн суулгах арга дэлгэрснээр үргүйдлийн хувь буурч байгаа юм билээ. 

-Таны хийсэн ажлын үр дүн ямархуу байна вэ?

-Ажлын үр дүнгээ муу гэж хэлэхгүй. Өнгөрсөн найман сараас энэ ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд нэг эх эсэн мэнд төрж, одоо таван эх төрөх гэж байна. Есөн сарын дундуур нэг эх төрнө. Арав, арваннэгдүгээр сард төрөх эхчүүд хоёр ихэрлэнэ.  Үр шилжүүлэн суулгах нэг удаагийн аргаар дэлхийн хэмжээнд 30-40 хувь нь л амжилттай болдог. Энэ ажлын үр дүн 25- 26 хувьтай байна гэж дүгнэсэн. Энэ аргыг хэрэглэсэн гэр бүлийн ихэнх тохиолдлууд хүнд байсан. Учир нь үргүйдэх өвчтэй байдаг гэр бүлийн ихэнх нь удаан шийдэгдээгүй явсаар янз бүрийн арга туршсан, ахимаг насныхан байдаг. Үүнээс болоод улам даамжирсан тохиолдол их байна.

-Хэн дүгнэсэн гэж?

-Манай багш нар болох Сөүлийн их сургуулийн энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс миний хийсэн ажилтай танилцаж, сайн дүн тавиад буцсан.

-Энэ аргыг хэрэглэсэн эх  ихэрлэх, хүүхдийнхээ хүйсийг сонгох эрхтэй байдаг гэсэн?

-Үүнийг гэр бүлийнхэн сэтгэлийн хөөрлөөр хүлээж авах нь их байна. Ийм боломж байгаа. Гэхдээ тухайн эхийг жирэмслүүлэхийн тулд дээд тал нь таван ширхэг үр суулгадаг. Саванд суусан үрнээс хэд нь хүүхэд болох вэ гэдгээс л хамаарна гэдгийг ойлгох ёстой. Тавуулаа ч хүүхэд болж байхад  нэг нь ч бүтэхгүй байж болно шүү дээ. Гэхдээ ихэрлэхээр эх барих, төрөх тал дээр хүндрэлтэй байдгийг манайхан ойлгодоггүй мэдээлэл муу байдаг.

-Монголчуудын үргүйдлийн шалтгаан юунд байгааг тогтоосон уу?

-Саяхныг хүртэл үрийн хоолойн битүүрэл хамгийн түгээмэл байдаг гэдэг байсан ч сүүлийн үеийн шинжилгээ, судалгаагаар өндгөвчний үйл ажиллагааны алдагдлаас болж үргүйдэл үүсч байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр ихэнх  тохиолдол нь эмэгтэйчүүдэд байна гэсэн үг.

-Үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болъё гэсэн хүн хэдэн төгрөгтэй байх шаардлагатай вэ?

-Шинжилгээнд хамрагдсаны дараа 6-8 сая төгрөгтэй байхад болно. Мөнгөн дүн нь тухайн хүний үргүйдлийн шалтгаан, хэр хүнд байгаагаас шалтгаалж дээрх мөнгөн дүнгийн хооронд хэлбэлзэж байгаа юм.

-Эмч, эмчлүүлэгч хоёр ямар нэгэн гэрээ  байгуулдаг уу. Эрсдэл гарсан тохиолдолд ийм хариуцлага хүлээнэ гэх ч юм уу?

-Хүмүүс засварын газраас баталгааны хуудас шаардаж байгаа юм шиг хандах юм. Мэдээж гарах эрсдэл болгоныг харилцан ярилцсаны үндсэн дээр үр шилжүүлэн суулгана. 

-Хүмүүс мөнгөө төлж байгаа болохоор тэгэж асуух нь зөв байх л даа?

-Мэдээж тэдний зөв. Хүмүүс ямар баталгаа өгөх юм, юу хийж байгаа юм бэ хэмээн үл итгэсэн байдал гаргах тохиолдол их байгаа. Үр тогтоод, эхийн саванд суулгахад хүлээж авахгүй байх тохиолдол гардаг гэж дээр хэлсэн. Энэ бүхнийг тайлбарлаж, бүх эрсдлийг тооцоолоод авах ёстой арга хэмжээг авч, харилцан тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрсөн гарын үсэг зуруулж байгаа. 

-Манай эмэгтэйчүүдийн эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд хаах нь байдаг юм бол?

-Манай эмч нар чадалгүй биш чадвартай. Бололцоогүй болохоор л ийм байдаг байх. Хамгийн гол нь эдийн засгийн чадавхигүйгээс л болоод өөрсдийгөө хөгжүүлж чаддаггүй. Наад зах нь интернэт орчин байхгүй. Гэтэл гадаад эмч нар нь өрөөнөөсөө л алдартай эмч нарын лекц сонсч, номыг нь уншиж байна. Гэтэл манайд өдрийн талхныхаа мөнгийг яах вэ гэж бодож байгаа эмч нар илүү юм бодож чадахгүй шүү дээ.

-Сүүлийн үед төрж байгаа эмэгтэйчүүд хүүхдээ эрүүл төрүүлэхэд хийсвэр хийлгэх нь зөв гэж боддог болсон байна. Энэ тал дээр юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн гол нь төрөлтийг удирдаж  байгаа  эмчээс л шалт­гаалах зүйл. Байгалийн жамаараа төрөх нь мэдээж зөв ч сүүлийн үед төрөлт оройтох, дураараа өдрөө товлох гэх мэт асуудлаас болж хийсвэрийн арга их болсон. Ялангуяа карьер хөөсөн, боловсролтой эмэгтэйчүүд төрөхийг яарахгүй байгаагаас төрөлтийн хүндрэл үүсч байгаагаас хийсвэр хийхээс өөр аргагүйд хүрдэг. Ер нь бурхны заяаснаар л төрөх ёстой гэж боддог. Энэ бүхэн гэр бүл төлөвлөлтгүй болсноос үүдэлтэй гэхэд болно.

-Хийсвэр хийхдээ хоёр аргаар зүсдэг гэсэн. Эмч нарын хувьд босоо зүсэлтээс хөндлөн зүсэлт нь илүү эрсдэлтэй байдаг гэж сонссон?

-Тухайн хүний хэвлийн хөндийг нээхдээ бүх асуудлыг урьдчилан таамагласны дараа яаж зүсэх эсэхээ шийддэг. Мэдээж эмэгтэй хүний гоо сайхныг хадгалж үлдэхийн тулд хөндлөн зүсэх нь сүүлийн үед дэлгэрсэн. Дагуу зүсэлт нь хэвлийд ажиллахад амар, ажиллагаа бага гэдэг л дээ. Гэхдээ хөндлөн зүсэлтийг эрсдэлтэй гэж хэлж болохгүй. Энэ бол хэвлийг яаж зүсэх вэ л гэдэг асуудал. Харин хүүхдийг гаргахдаа савны доод талд зүсэлт хийдэг учир хэвлийг яаж зүссэнээс шалтгаалахгүй.

-Та гадаад сурч байсан хүний хувьд Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоог сурч байсан орнуудынхтайгаа харьцуулахад ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Ялгаатай байлгүй яах вэ. Хамгийн наад захын жишээ л гэхэд Сөүлийн их сургуулийн анагаах ухааны багш нар энэ аргыг туршина гэж байхад Монголд болох уу хэмээн айж байсан. Амжилттай болсныг ирж үзээд үнэхээр гайхаж баяр хүргэсэн. Мөн нэгдүгээр төрөхөд очиж үзээд ямар том байшинд ямар их хэрэггүй зүйл байдаг юм бэ гэж уулга алдаж байсан. Манайд төрөх дөхөөгүй  атлаа эмнэлэгт хэвтэж байгаа эмэгтэйчүүд маш их байдаг. Монголчуудын сэтгэхүйд эмнэлэгт л байж байвал аюулгүй гэсэн ойлголт байдагтай холбоотой байж ч юуны магад. Яг л амралтын газар байгаа юм шиг баахан жирэмсэн эмэгтэйчүүдээр төрөх газрууд дүүрэн байна. Үүнээс харахад төрөх байрны хүрэлцээ муу гэхээсээ илүү зохион байгуулалтгүй юм болов уу гэж боддог. Мэдээж тоног төхөөрөмжийн тухайд  ярихаас ч ичмээр. Хүрэлцээ болон чанараас нь эхлээд л.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж