МОНАДА тайлан тавьдаг болж, Спортын арбитр томорно

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

МОНАДА тайлан тавьдаг болж, Спортын арбитр томорно

МОНАДА тайлан тавьдаг болж, Спортын арбитр томорно

Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн чухал заалтуудыг оруулсан аж. Ялангуяа сүүлийн үед асуудал, цоорхой болоод буй допингийн эсрэг дүрэм, үйл ажиллагааг тусгайлан авч үзсэнээс гадна тамирчдаас ёс зүй, хариуцлага шаардсан нэгэн чухал заалтыг дэвшүүлэв.

ДОПИНГТОЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ СПОРТЫН АРБИТР ШИЙДНЭ

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд допингийн талаар ердөө ганцхан 21 дүгээр зүйлд дурдаж, таван заалт оруулсан байдаг. Тэгвэл шинэчилсэн найруулгын төсөлд допингийг бүтэн бүлэг болгон авч үзэж, 27, 28 дугаар зүйлд заажээ.

Шинэчилсэн найруулгын төслийн 27.7 дээр "Допингтой холбоотой аливаа маргааныг олон улс, үндэсний спортын арбитрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага хэрэгжүүлнэ" гэж заажээ.

Өмнө нь допингтой холбоотой хэрэг маргаан, гомдлыг шүүхээр шийдвэрлэж байсан. Э.Оюунболд арслан л гэхэд гурван шатны шүүхээр явж байсан удаатай. Тэгвэл Монголд спортын арбитр гэх байгууллага гарч ирснээр допингтой холбоотой гомдол, маргааныг шийдвэрлэхээр болов. Ерөнхийдөө Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр гэх байгууллагын үйл ажиллагаа томорч, Монголын спортын гол төлөөлөгчдийн нэг болох аж.

Мөн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага /МОНАДА/ үндэсний дүрмийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тайлагнах гэсэн чухал заалт орж иржээ. Тодруулбал, үйл ажиллагааны тайлангаа жил бүрийн хоёрдугаар сард багтаан олон нийтэд ил тайлагнах ёстой аж.

Өмнө нь МОНАДА-ийн үйл ажиллагаа хаалттай, улсын төсвийн мөнгөөр хийсэн ажил нь тодорхойгүй, тайлан тавьдаггүй "хэцүү" байгууллага байв. Тэгвэл шинэ найруулгын төсөл УИХ-аар дэмжигдвэл ил тод байгууллага болох нь ээ.

ОРОН НУТГИЙН СПОРТЫН САЛБАРЫНХАН МӨНГӨН ТЭТГЭМЖ ХҮРТЭНЭ

Шинэ найруулгын төсөлд бас нэгэн урамшуулал, тэтгэмжийн заалт орж ирж байгаа нь нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох гэнэ.

Хуулийн төслийн 33.2. Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч дараах нийгмийн баталгаагаар хангагдана

  • 33.2.1. хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлог, гүйцэтгэсэн хөдөлмөрийн чанар, хэмжээнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;
  • 33.2.2. тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан, амралтын өдрүүдээр ажилладаг байдлыг харгалзан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах;
  • 33.2.3. аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамирын арга зүйч, спортын дасгалжуулагч болон сум, хорооны биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчид улсын төсвөөс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаараа дамжуулан олгоно;

ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАВАЛ УЛСААС ТЭТГЭМЖИЙГ НЬ ЗОГСООНО

Олимп, паралимпийн наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгодог билээ. Тэгвэл тухайн урамшуулал авдаг тамирчин ёс зүйн зөрчил гаргавал мөнгөн шагнал, урамшууллыг нь түр түдгэлзүүлэх гэнэ.

Энэ бүхэн олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяраас улбаатай биз. Эрүүгийн хариуцлага хүлээн ял эдэлж буй тэрбээр одоог хүртэл сар бүр 7.5 сая төгрөгийн тэтгэмж авч байгаа. Тэгвэл дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал Н.Түвшинбаяр шийтгэл хүлээх хугацаандаа урамшуулал авахгүй аж.

Хуулийн төслийн 7.3 дахь заалт "Энэ хуулийн 9.1.5-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түтгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж