Путин бие хамгаалагчаа Төрийн зөвлөлийн нарийн бичгээр томилов

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

Путин бие хамгаалагчаа Төрийн зөвлөлийн нарийн бичгээр томилов

Путин бие хамгаалагчаа Төрийн зөвлөлийн нарийн бичгээр томилов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн бие хамгаалагч асан Алексей Дюминийг Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилжээ. Энэ томилгооны дараа Дюмин ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох боломжтой юу гэх таамаг хүртэл гарсан байна. 51 настай Дюмин энэхүү томилгоогоор эрх мэдлийн төвд багагүй ойртлоо гэсэн үг. Дюминээс өмнө Төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 72 настай Игорь Левитин ажиллаж байсан.

Дюминийг Төрийн зөвлөлийн гишүүнээр томилох тухай Путины гарын үсэг зурсан зарлигийг Кремль Лхагва гаригт албан ёсны хуудастаа нийтэлжээ.

Энэ талаар Кремлийн зөвлөх асан, Путины дэмжигч Сергей Марков хэлэхдээ "Дюминий томилгоо Оросын элитүүдийн дунд шуугиан тарьж байна. Энэ нь Дюмин Оросын ирээдүйн ерөнхийлөгч байж магадгүйн баталгаа, Путины сонголт гэж харагдаж байна. Аль эртнээс л ийм цуу яриа гарч байсан" гэжээ.

71 настай Путиныг хэн залгамжлах тухай хэлэлцүүлэг янз бүрээр өрнөдөг. Боломжит залгамжлагч гэж нийтэд танигдах нь эргээд тэр хүндээ эрсдэл дагуулдаг талтай. Дюминий нэр удаан хугацааны турш боломжит нэр дэвшигчдийн дунд багтсаар иржээ.

2020 онд Путины санаачилсан өөрчлөлтийн дагуу ОХУ-ын бүс нутгийн тэргүүнүүдийг нэгтгэсэн Төрийн зөвлөлийн үүргийг анх удаа үндсэн хуульд тусгасан. Энэ нь Төрийн зөвлөлийн улам хүчирхэгжих замыг зассан гэж улс төр судлаачид үздэг.

Алексей Дюмин 1972 онд Оросын баруун хэсгийн Курск хотод төрсөн. Улс төр, цэрэг арми, тагнуулын байгууллагын хүрээнийхэн түүнийг сайн таньдаг.

ОХУ-ын баатар цолны эзэн Дюмин 1995 онд Кремлийн элитүүдийн аюулгүй байдлыг хангадаг ОХУ-ын Холбооны харуулын албанд оржээ. Путинтэй хоккей тоглож байсан, Путиныг баавгайнаас хамгаалсан гэж түүний талаар ярицгаадаг. Хожим нь тэрбээр Батлан ​​хамгаалахын дэд сайд, Тула мужийн захирагчаар тус тус ажилласан. Тула муж нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бүс нутаг юм. ОХУ Крымийг өөртөө нэгтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэж Дюминийг үзэж, АНУ-ын Сангийн яам 2018 онд түүнд хориг арга хэмжээ авчээ. Тэрбээр мөн Их Британийн хориг арга хэмжээний жагсаалтад багтсан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж