Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2024.05.30-нд нийтлэгдсэн

Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов

Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов

Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тансаг амьдралын хэв маягийг сурталчлахыг хориглов. Тансаг амьдрал, эд баялгаа цахим орчинд гайхуулдаг нөлөөлөгчид Хятадад олон бий.

Тэдний нэг Ван Хунчуань л гэхэд нийслэл Бээжин хотод долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд 10 сая юаниас бага үнэтэй хувцас өмсч гэрээс гарч үзээгүй гэжээ. Түүний цахим сүлжээнд байршуулсан бичлэгүүдийг харахад олон тооны "Hermès" цүнх, үнэтэй спорт машинууд, тэр бүү хэл гэрийн үйлчлэгч хүртэл байдаг аж. Гэвч шинэ хоригийн дагуу "TikTok"-ийн хятад хувилбар болох "Douyin" дээрх 4.3 сая дагагчтай хаяг нь Мягмар гаригт нэвтрэх боломжгүй болсон. Түүний хаяг руу нэвтрэх оролдлого хийхэд "Тус хаяг нь платформын дүрмийг зөрчсөн учраас блоклогдсон" гэсэн тайлбар гарч байжээ.

2.9 сая дагагчтай Бо Гонзи, 2.3 сая дагагчтай Баоюү Жиажие зэрэг ижил төстэй бусад нөлөөлөгчийн хаяг ч бас хаагдсан байна.

Цахим орчинд дагагч татахын тулд зориудаар тансаг амьдрал харуулж, баялагаа гайхуулдаг нөлөөлөгчдийн эсрэг Хятадын Кибер орон зайн удирдах газар өнгөрсөн сард кампанит ажил зарласан. Энэ нь Хятадын эрх баригчид цахим орчинд цензур тогтоож буй анхны тохиолдол биш. Тухайлбал, 2022 онд тус улс шууд дамжуулалтад зориулсан ёс зүйн дүрэм гаргаж байв. Дүрэм ёсоор тансаг зэрэглэлийн бараа, үнэт эдлэл, бэлэн мөнгө болон бусад эд хөрөнгийг олон тоогоор харуулах, сурталчлахыг хориглосон.

Хятадын эдийн засгийн удаашрал дундаж давхаргынханд хамгийн хүндээр тусч буй. Тиймээс залуучууд ширүүн өрсөлдөөнтэй хөдөлмөрийн зах зээлд тэсч үлдэхээр янз бүрийн арга хэрэглэж байна. Зарим нь "дээшээ харж хэвтэх" буюу ажил хийхгүй байхыг сонгосон бол цахим орчинд контент бүтээхийг цор ганц боломжийн карьер гэж үзсэн залуус ч олон байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж