Украин дахь түрэмгийллээ алдаршуулах, барууны дэмжлэгт Киевийг хорон санаат гэж харагдуулах зурагт номыг Кремль борлуулах болжээ. Оросын төрийн санал асуулгын газраас явуулсан судалгаанд Оросын залуу үе дайныг дэмжихгүй, Кремлийн үйлдэл буруу гэж үздэг нь тогтоогдсон юм. Тиймээс үзэл бодлыг нь өөрчлөх үүднээс Кремлийн дэмжлэгт дайны сэдэвтэй комик гарсан.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Оросын бага, дунд сургуулиудад Батлан хамгаалах болон Боловсролын яамны дэмжлэгтэй дайны сэдэвт комик тараагдах болжээ. Уг комикт Украины газар нутагт түрэмгийлсэн нь зөв зүйл болохыг тусгасан, суртал ухуулга бүхий дүрүүд гардаг. Нийт 22 богино түүхүүдээс бүрдэх ба тус бүрт залуу Орос цэргүүд дайнд хэрхэн оролцож, эх орноо "харийн дайснаас" хамгаалж буйг үзүүлнэ.

Зарим гол дүрүүд нь бодит хүнээс сэдэвлэгдсэн. Жишээ нь 2022 онд Украины Буча хотод энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт холбогдсон командлагч, хурандаа генерал Азатбек Омурбеков багтжээ. Түүнийг зурагт номд "жинхэнэ эр хүн" гэж тодорхойлж, дайны эхний саруудад хүмүүнлэгийн үйлс хийдэг, сайхан сэтгэлт цэргийн дарга гэж дүрсэлсэн.
Номоос иш татан үзбэл " Тэд [Украины цэргүүд] ухрахдаа гэмтсэн цэргүүдээ хаясан. Оросын арми орхигдсон цэргүүдийг аварч, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлсэн. Дайны цагт хүн хүнээрээ байх ёстой" гэж бичжээ.
Үнэн хэрэгтээ, Орос цэргүүд Украины олзны хүмүүсийг тамлан зовоож, хөнөөж байсныг нь Эмнести Интернэшнл болон НҮБ-ын хүний эрхийн хяналтын комисс мэдэгдсэн юм.
Энэхүү комикийг Оросын нэрт хүүхдийн зохиолч, Украины дайныг тууштай дэмжигч Олег Рой бичсэн. Тэрбээр баруун,"NATO", Украины эсрэг үг хэллэгүүдийг ашиглажээ.
Жишээ нь "Оросыг үзэн ядсандаа барууныхан эзлэгдсэн Киевт гөлөг неонацистуудаа зэвсэглэж байна” гэж зурагт номд бичигдсэн.
Рой өмнө нь эх оронч "Оросын супер баатрууд" гэх зохиол бичсэн бөгөөд төрийн дэмжлэгт хэвлэлүүд үүнийг нь магтан сайшааж байжээ.

Түүнчлэн, 2023 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг цэргийн нэрт блогч Михаил Звинчукийн Украин дахь дайны сэдэвтэй 23 цуврал комик гаргажээ. Эдгээр комикуудыг англи, араб, хятад хэлээр орчуулсан. Энэхүү комикийг Украины дайны үеийн бодит байдлаас сэдэвлэсэн гэж үздэг. Тэд Оросын цэргүүдийн эр зориг, шийдэмгий байдлыг онцолсон бол барууны генералуудын гар хөл мэт дүрслэгдсэн Украины цэргүүдийг доромжилсон үг хэллэгээр дүрсэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ