АНУ, Кенийн дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 23-ны өдөр Цагаан ордонд болсон. Энэ уулзалтаар хоёр улсын ерөнхийлөгч нар технологи, эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарт харилцаагаа бэхжүүлэх тухай хэлэлцжээ. Мөн энэ уулзалт нь Вашингтоны цэргийн түнш болох Найробигийн шинэ үүргийг онцлох боломжийг олгосон юм. Кенийн ерөнхийлөгч Уильям Руто болон тэргүүн хатагтай Рэйчел Руто нар айлчлалын үеэр дэлхийн тавцанд өөрсдийгөө хангалттай сайн харуулж чадсан гэж үзэж буй.
Удахгүй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох тул Кенийн ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойд тооцогдоно. Тодруулбал, одоогийн ерөнхийлөгч Жо Байден улиран сонгогдох магадлалаа өндөрсгөхийн тулд хар арьст сонгогчидтой харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэх болсон. Энэ чухал цаг үед Африкийн удирдагч болон түүний эхнэрийг Цагаан ордонд албан ёсны айлчлал хийхээр урьсан нь чухал үйл явдал юм.
Оройн цайллагад ерөнхийлөгч асан Барак Обама хүрэлцэн ирсэн. Түүний аав нь кени хүн. Обама одоо ч хар арьст сонгогчдын дунд асар их нэр хүндтэй хэвээр. Хар арьст америкчуудын хувьд Африк тив нь хэзээ ч очиж үзээгүй өвөг дээдсийн нутаг, сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг газар нь аж. Тэгэхээр Байден, Руто нарын гар барин инээмсэглэсэн зураг хар арьст сонгогчдод таалагдах нь дамжиггүй.
Кений ерөнхийлөгч Руто Өмнөд Солонгос, Франц, Энэтхэг, Австрали, Японы дараа Цагаан ордонд албан ёсны төрийн айлчлал хийж буй зургаа дахь төрийн тэргүүн.
Төрийн айлчлал гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгчийн урилгаар гадаад улсын төрийн тэргүүн албан ёсоор Цагаан ордонд айлчлахыг хэлэх ба энэ нь төрийн оройн зоог зэрэг албан ёсны чухал элементүүдтэй байна. Рутогийн тухайд ерөнхийлөгч Жо Байдены засгийн газрын үед төрийн айлчлал хийсэн зургаа дахь төрийн тэргүүн болж байна. Гадаадын удирдагчид Цагаан ордонд янз бүрийн уулзалт хийхээр байнга зочилдог ч төрийн айлчлал харьцангуй ховор байдаг. Төрийн айлчлал нь ёслолын шинж чанартай гэдгээрээ онцлог.
Дээрх мэдээллээс харвал, Рутогийн айлчлал нь Кени улс АНУ-ын хувьд чухал ач холбогдолтой түнш гэсэн мессежийг дэлхий дахинд илгээжээ.
Байдены нэр хүндийг өсгөхөөс гадна өөр чухал зүйл ч бий. Америкт Кени хэрэгтэй. Нэгдүгээрт, АНУ-Кенийн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй. Энэ нь 1200 орчим кени хүн нас барсан 2007 оны сонгууль зэрэг олон үйл явдлын ард гарч, цаг хугацааны шалгуурыг давсан холбоо юм. Тухайн үед Руто, АНУ хоёр эсрэг талууд байв. Олон улсын эрүүгийн шүүх Рутог хүн амины хэрэгт буруутгаж, албадан гаргахыг шаардсан. АНУ ч мөрдөн байцаалтыг дэмжиж, Рутог буруутгаж байв.
Кенийн ирээдүйн удирдагч Руто болон тухайн үеийн ерөнхийлөгч Ухуру Кениата нарын эсрэг үүсгэсэн хэрэг 13 жил үргэлжилсний эцэст Олон улсын эрүүгийн шүүх 2016 онд хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Олон хүний аминд хүрсэн дээрх сонгуулийн үеэр Руто, Ухуру Кениата нар улс төрийн дайснууд байв. Тэд санал зөрөлдөөнөө шийдвэрлэснээр Руто 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Кениатагийн орлогчоор нэр дэвшсэн. Улмаар 2022 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ.
Өнөөдөр Африк тивд үймээн самуун, тогтворгүй байдал ноёлсоор байгаа ч Кени улс харьцангуй тайван, тогтвортой байна. Ерөнхийлөгч Руто Кенийг Зүүн болон Төв Африкийн “тулах цэг” гэж тодорхойлсон билээ.
Африк тив дэх АНУ-ын хамгийн хүчирхэг, найдвартай холбоотнуудын нэг бол Кени. Кенитэй нягт харилцаатай байх нь Америкийн бизнес, аюулгүй байдлын ашиг сонирхолд ашигтай.
Хятад, Орос улсууд Африкийн ашигт малтмал болон бусад байгалийн баялагт сонирхолтой байгаа тул АНУ-д тус бүс нутагт тогтвортой холбоотнууд хэрэгтэй юм. Хятад, Оросын хэн хэн нь Африктай харилцаагаа гүнзгийрүүлсээр байна. Тухайлбал, Хятад улс тив даяар томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж байгаа бол Орос улс зэвсэг, байгалийн баялгийн борлуулалтаас ашиг олох замаар нөлөөгөө тэлж буй.
Эндээс харвал Рутогийн төрийн айлчлал Найроби болон Вашингтоны хувьд таатай үйл явдал юм. Гэхдээ Байденд биелүүлээгүй амлалтууд бий. АНУ, Африкийн харилцаанд түлхэц өгөхийн тулд Байден эртнээс амласан ёсоороо тивд айлчлах ёстой байсан. Африктай харилцах харилцаагаа чухалчлах амлалтыг ч Байден өгч байсан. Тэргүүн хатагтай Жилл Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар өнгөрсөн онд Африкт айлчилсан боловч АНУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр тивийн нутаг дэвсгэрт хөл тавих нь өөр хэрэг.
Тэгвэл энэ удаагийн айлчлалын дараа Руто “НАТО-ийн бус гол холбоотон” гэсэн шинэ, том статустайгаар АНУ-аас ганзага дүүрсэн буцсан гэж олон улсын шинжээчид үзэж байна. Рутогийн айлчлал нь Байденд Африктай холбоогоо сэргээх, африк гаралтай америк сонгогчидтойгоо дахин уулзах боломжийг олгох юм.
Эх сурвалж: CNN