Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнөөдөр /2024.05.29/ Улсын Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлэв. О.Машбат нь 2021 оны зургадугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад ажлаа өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нар ажиллаж байгаа бөгөөд тэднийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-тай зөвшилцөж, томилж байсан юм. Ерөнхий прокурорын орлогчийг хуулийн дагуу зургаан жилээр томилох зохицуулалттай.
Прокурорын тухай хууль:
46 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч
- 46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
- 46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
- 46.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
Мөн 46.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:
- 46.6.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн
- 46.6.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон
- 46.6.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон
- 46.6.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлэх хуулийн зохицуулалттай.
ПРОКУРОРЫН ОРЛОГЧИД НЭР ДЭВШИГЧ О.МАШБАТ ГЭЖ ХЭН БЭ?
Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.
- 2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан
- 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн
- 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга
- 2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга
- 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор
- 2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор
- 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор
- 2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
- 2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн байсан юм.
- Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч.
Холбоотой мэдээ