Сөрөг хүчний хууль тогтоогч асан, ардчиллын төлөө тэмцэгч оюутан зэрэг зүтгэлтнүүд энэ долоо хоногт "бусдыг урвуулан, нөлөөлсөн" хэрэг буруутгагдаж, шүүхийн шийдвэр хүлээж байна. Эдгээр хүмүүс хэн бэ? Ямар хэрэг хийсэн учир шүүхэд дуудагдав зэрэг асуудлыг энэ удаагийн "ХҮМҮҮС" буланд онцолж байна.
Хятадын "Үндэсний аюулгүй байдлын тухай хууль"-аас болж хэлмэгдүүлэгдсэн хүмүүс Хонгконгд олон бий. Тэд гурван жилийн өмнө уг хуулийн дагуу буруутгагдаж, хамгийн том хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэж тооцогддог "Хонгконгийн 47" гэж нэрлэгдэх 47 жагсагч, идэвхтнүүд юм. Хятадын дээд албан тушаалтнууд найман эмэгтэй, 39 эрэгтэйг орон нутгийн сонгуульд сөрөг хүчнийг ялуулахын тулд хууль бус анхан шатны сонгууль явуулж, засгийн газрыг унагаахыг оролдсон гэж буруутгасан.
Бээжин ардчиллыг дэмжсэн олон нийтийн жагсаалын дараа уг хуулийг баталж, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ Хонгконгийг үнэ цэнэ, бие даасан байдал, эрх чөлөөг хассан гэж шүүмжлэгчид буруутгаж буй.
Хонгконгийн 47 гэж хэн бэ?
Сөрөг хүчний хууль тогтоогчид болох Клаудиа Мо, Хелена Вонг, Квок ка-ки болон 2014 онд Хонконгийг доргиосон ардчиллын төлөөх жагсаалын гол эзэд Жошуа Вонг, Бенни Тай зэрэг алдартай хүмүүс нь "Хонгконгийн 47"-д багтдаг. Мөн Оуэн Чоу, Вентус Лау, Тиффани Юэн зэрэг олон хүмүүс дуу хоолойгоо хүргэх шинэ үеийн төлөөлөл болсноор буруутгагдсан.
Оуэн Чоу, Вентус Лау нар 2019 онд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хотын Хууль тогтоох зөвлөл (LegCo) руу дайран орж, Хонконгийн сүлд тэмдгийг шүршиж будсан олон зуун хүмүүсийн дунд байв. Мөн улс төрд ямар ч хамааралгүй,нийгмийн ажилтан Хендрик Луй, бизнес эрхлэгч Майк Лам, сувилагч асан Винни Ю нар жагсаалд оролцсоноор буруутгагдаж буй.
Хонгконгийн 47-г яллах дүгнэлт Пүрэв гаригт гарах төлөвтэй байна. Эдгээр хүмүүсийн 16 гэм зэмгүй гэж мэдэгдсэн. Хэрэв шүүх тэднийг гэм буруутай гэж үзвэл, бүх насаар нь хорих ял онооно. Үлдсэн 31 хүн буруутай гэдгээ мэдэгдсэн. Тэдгээр хүмүүсээс Ау Нок-хин, Эндрю Чиу гэх дөрвөн хүн прокурорт мэдүүлэг өгсөн бөгөөд гэм буруугаа хүлээсэн тохиолдолд ялын хэмжээ багасна гэж найдаж байна.
Эмнести Интернэшнлийн бүсийн дэд захирал Дана Янг “Тэд хийгээгүй хэргийнхээ бурууг үүрч, ялын хэмжээгээ багасгах эсвэл шударга бус хуулийн эсрэг босч, ялын дээд хэмжээ авах зэрэг байж боломгүй хоёр сонголтын дунд шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрч байна" гэжээ.
Натан Лоу, хууль тогтоогч асан Тед Хуй зэрэг бусад нэр хүндтэй хүмүүс мөн жагсаалд оролцож байсан боловч Хонгконгоос зугтсан. Тиймээс 2021 оны эхээр, 47 хүнийг баривчлах үед Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгчдийн ихэнх нь торны цаана эсвэл цөллөгт илгээгдсэн аж. Урьдчилан хорих нь Аюулгүй байдлын хуулийн жишиг тул яллагдагчдын ихэнх нь 2021 оноос хойш шоронд байгаа.
Профессор Бенни Тай
Хонконгийн тусгаар тогтнолыг дэмжиж, Коммунист намын засаглалыг "дарангуйлал" гэж тодорхойлснийх нь төлөө түүнийг "хатуу үймүүлэгч" гэж Хятад нэрлэжээ. Эрдэмтэн, хуулийн профессор Бенни Тай хамгийн анх ардчиллыг нэмэгдүүлэхийг шаардан, суулт хийхийг санал болгосон тул олны анхаарлыг татсан. Түүний сонинд бицсэн нийтлэл эцэстээ ардчилалын төлөөх "Occupy Central" хөдөлгөөн болсон.
Бенни Тай өөр хоёр хүнтэй хамтран Хонконгод шударга, чөлөөт сонгууль явуулахыг уриалсан түүхэн кампанит ажил эхлүүлсэн юм. "Occupy Central" хөдөлгөөн зогссон ч 2019 онд Бенни Тай эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хэргээр шоронд хорих ял сонсчээ.
Жилийн дараа "Аюулгүй байдлын тухай хууль" гарснаар Бенни Тай эрүүгийн хэрэгт ял авсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан. Тэрбээр нэр хүндтэй Хонг Конгийн Их Сургуульд (HKU) ажиллаж байжээ. Тай их сургуулийг Хятадын шахалтад бөхөлзөж байна гэж буруутгаж,"эрдмийн эрх чөлөөний төгсгөл ирсэн" гэв. Дараа нь 60 настай тэрбээр фэйсбүүк хуудсандаа "Хайртай их сургууль минь сүйрснийг харсанд сэтгэл минь эмтэрч байна" гэж бичсэн аж. Тухайн үед Бенни Тай "хууль бус" анхан шатны сонгууль зохион байгуулсан гэж "Аюулгүй байдлын тухай хууль"-ийн дагуу шийтгэгдэж байсан.
Оюутан Жошуа Вонг
Хонконгийн ардчиллыг дэмжигч хамгийн алдартай зүтгэлтэн Жошуа Вонг 14 настай байхаасаа эхлэн эрх чөлөөний төлөө тэмцэж байжээ. Тэрбээр 2014 онд "Occupy Central" суултад оролцсон бөгөөд оюутны эсэргүүцлийн жагсаал болох "Шүхэр" хөдөлгөөний нүүр царай болсон юм. Жошуа Вонг ардчиллын төлөө тэмцсэнээсээ болж дөнгөж 20 насандаа торны цаана суусан. Тэрбээр 2019 онд нэг удаа шоронд хоригдож байсан бөгөөд тухайн үед хонгконгчуудыг эх газрын Хятад руу илгээж, шүүхээр шийтгэдэг байв.
Прокурорууд түүнийг жагсаалыг удирдаж, цугласан олныг "цагдаагийн төв байрыг бүрэн бүслэхийг" уриалж байсан гэв. Вонг хэдийгээр алдартай кампанит ажилчин байсан ч 2019 оны эсэргүүцлийг аяндаа гарсан, "удирдагчгүй" хөдөлгөөн гэж олон нийт үзэж байжээ. Тэрбээр гэм буруугаа хүлээж байгаа ч “Эрх баригчид намайг шоронд байлгахыг хүсч байгаа байх. Гэхдээ шоронгийн хориг, сонгуулийн хориг, бусад дур зоргуудын аль нь ч бидний тэмцэлд саад болохгүй гэдэгт би итгэлтэй байна" гэж мэдэгдсэн.
Хувьсгалч урт үст
Сөрөг хүчний гишүүн асан, Урт үстэй гэгддэг Леунг Квок Хун өөрийгөө “Марксист хувьсгалч” гэж тодорхойлсон удаатай. Тэрбээр өөрийн улстөрийн замналдаа ёжлол ашиглах дуртай. Нэгэн удаа тангараг өргөх ёслол дээр улс төрийн далбаа хөөргөж, доор нь шар шүхир барьснаар "Шүхэр хөдөлгөөн хэзээ ч дуусахгүй" гэж мэдэгдэж байжээ. Мөн эсэргүүцлийн шинж тэмдэг болгож банана шидсэн удаатай.
Түүний банана шидсэн үйлдлээс болж зөвлөлийн гишүүнээс хассан. Мөн 2019 онд жагсаалд оролцсон гэх үндэслэлээр баривчлагдаж, хоригдож байжээ. Аюулгүй байдлын хууль батлагдсаны дараа тэрбээр олон жилийн хамтран амьдрагч Ванесса Чан буюу Чан По-Ин гэгддэг нэрт идэвхтэнтэй гэрлэжээ. Тэд Социал Демократуудын Лиг хэмээх улс төрийн намыг үүсгэн байгуулагчдын нэг байв. Тэдний нэг нь шоронд хоригдох юм бол шоронд зочлох хууль ёсны эрх илүү их байх тул тэд гэрлэхээр шийдсэн аж. Хуримаас хойш 40 хоногийн дараа Леунг анхан шатны шүүхээс "урвуулсан" хэргээр буруутгагджээ.
Урт хугацааны идэвхтэн Клаудиа Мо
Клаудиа Мо нь "авга эгч Мо" гэгддэг бөгөөд сөрөг хүчний нэр хүндтэй хууль тогтоогч байв. Тэрбээр "AFP" мэдээллийн агентлагт сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд 1989 онд Тяньаньмэний талбайд болсон хэлмэгдүүлэлтийг сурвалжилж байжээ. Мо 2006 онд сөрөг хүчний Иргэний намыг байгуулахад тусалсан бөгөөд 2012 он гэхэд "LegCo"-д суудал авч, албан тушаал хашихын тулд Британийн иргэншлээс татгалзсан юм.
Тэрбээр 2020 оны арваннэгдүгээр сард ардчиллын төлөөх дөрвөн хууль тогтоогчийг Хятад огцруулсны дараа "LegCo"-гоос саналаараа огцорсон 15 хууль тогтоогчийн нэг байсан. Энэ алхам нь "LegCo"-г сөрөг хүчингүй болгосон.
"Бид тэгэх ёстой байсан. Бид Бээжингийн Хонг Конг дахь хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэх хэрэгтэй" гэж мэдэгдэж байжээ.
Цагдаа нар түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үүрээр, баривчлахын тулд гэрт нь хүчээр дайран оржээ. Тухайн цаг мөчөөс хойш Мо хоригдож байна. Түүний нөхөр, Британийн сэтгүүлч Филип Боуринг хүнд өвчтэй байхад шоронгоос түр суллаж, нөхөртэй нь уулзуулаагүй аж.
Сэтгүүлч Гвинет Хо
Гвинет Хо улс төрд орохоосоо өмнө "BBC Chinese", засгийн газрын мэдлийн "RTHK", "Stand News" зэрэг хэд хэдэн мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байжээ. Тэрбээр 2019 оны эсэргүүцлийн жагсаалын үеэр мэдээлэл дамжуулж байхдаа танхайрсан хүмүүст зодуулснаар олон танигдсан.
Мөн хууль бус гэж үзсэн 2020 оны анхан шатны сонгуульд өрсөлдөж, тойрогтоо өндөр санал авчээ. Жил хүрэхгүй хугацааны дараа түүнийг баривчилсан аж. Ардчиллын төлөөх 12 нэр дэвшигч, тэр дундаа түүнийг хууль тогтоох сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулсан нь “зайлшгүй зүйл” гэж шүүхийн бүрэлдхүүн үзсэнээр хоригдож буй.

Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ