Пунжо Лама нэртэй балба эмэгтэй унталгүйгээр, нэг ч амралгүйгээр 24 цаг 26 минут зарцуулан Эверестийн оргилд гарчээ. Тэрбээр үндсэн отогоос оргил хүртэл 14 цаг 31 минут, буухдаа есөн цаг 18 минут тус тус зарцуулсан байна. Тодруулбал, Пунжо Лама тавдугаар сарын 23-ны 15:52 цагт үндсэн отогоос хөдлөөд, маргааш өглөөнийх нь 06:23 цагт оргилд хүрсэн.
Ийнхүү Пунжо Лама Эверестийн оргилд хамгийн хурдан хугацаанд гарсан эмэгтэй хүн болж, дээд амжилт тогтоов.
Авиралтын улирал болон бусад сорилтуудаас шалтгаалаад уулын оргилд гарах боломж хязгаарлагдмал байдаг. Жил бүр уулчид олноороо түгжрэл үүсгэн, оргилд гарах цагаа хүлээдэг аж. Харин Пунжо Лама шөнийн цагийг сонгосон нь хүний түгжрэлээс зайлсхийх боломж олгосон гэлээ. Түүний тооцоолсноор тавдугаар сарын 21-22-ны хооронд хоёр, дөрөвдүгээр отог хооронд 6700 уулчин авирчээ. 24-ний өглөө түүний өмнө 60-70 орчим хүн оргилд гарсан байна.
Хэт өндөрт хүний бие дасан зохицох шаардлагатай тул хамгийн хурдан авиралтын хугацааг үндсэн отогоос эхлэн тооцдог аж. Тиймээс Лама оргилд гарахын өмнө үндсэн отогт гурван долоо хоногийг өнгөрүүлжээ. Тэрбээр өмнө нь 2018 онд анхны дээд амжилтаа тогтоосон. Гиннесийн номд бүртгэснээр Пунжо Лама 2018 онд 39 цаг зургаан минут зарцуулж оргилд гарсан байна. Энэ дээд амжилтыг 2021 онд Хонгконгийн уулчин Ада Цан 25 цаг 50 минут гэсэн амжилтаар эвджээ.
Эверестэд хамгийн хурдан хугацаанд авирсан эрэгтэй уулчин нь балба шерпа байдаг. Тодруулбал, Лхакпа Гелу нэртэй шерпа 2003 онд 10 цаг 56 минут зарцуулан оргилд гарч дээд амжилт тогтоожээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ