Японы талаарх хүмүүсийн төсөөлөл хөл хөдөлгөөнтэй, өндөр байшин барилгатай Токио хотоор хязгаарлагдах нь бий. Гэсэн хэдий ч тус улсад бидний мэдэхгүй өргөн уудам хөдөө нутаг их бий. Үүний нэг нь Нагояа хотоос урагш хэдэн 10 км зайд орших Химакажима арал юм.
Химакажима гэх жижигхэн арал нь 2000 орчим хүн амтай бөгөөд үзэсгэлэнтэй наран шарлагын газар, амттай наймаалжаараа алдартай. Тус арлыг онцлог болгодог өөр нэгэн зүйл нь нутгийн зүүн өмнөд эрэгт байрлах гэрлэн дохио юм.
Энэ гэрлэн дохионы ногоон өнгө жилдээ нэг л өдөр асдаг. Харин жилийн бусад өдөр эл гэрлэн дохио эргийн чиглэлд шар өнгөөр, зүүн боомт руу орох чиглэлд улаанаар асдаг аж.
Гэрлэн дохио анхнаасаа замын хөдөлгөөнийг зохицуулах зориулалттай байгаагүйтэй энэ нь холбоотой. Анх 1994 онд арлын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийгэмлэгийн хүсэлтээр гэрлэн дохиог суурилуулжээ. Тодруулбал, хэзээ нэгэн цагт том хот руу нүүх тохиолдолд очсон газрынхаа гэрлэн дохиог дагаж мөрдөхийг хүүхдүүдэд сургах зорилгоор анх суурилуулсан аж. Үүнээс өмнө жижигхэн макет маягийн зүйл ашиглан хүүхдүүдэд гэрлэн дохиог таниулдаг байжээ. Гэхдээ макет болон бодит зүйл хоёрын хооронд ялгаа байгааг мэдэрсэн тул жинхэнэ гэрлэн дохиотой болсон байна.
Энэ жил ногоон гэрэл тавдугаар сарын 21-нд асчээ. Хүүхдүүд энэ үеэр уулзвар дээр цугларч, гэрлэн дохиогоор зам гарах бодит сургуулилалт хийсэн байна. Хэрвээ та энэ ховор үйл явдлын гэрч болохыг хүсвэл арлын албан ёсны цахим хуудсаар зочилж байх шаардлагатай. Огноо тодорхойгүй ч гэлээ гэрлэн дохио жилдээ нэг асна. Гэрлэн дохио ногооноор асах үеийг тааруулж чадахгүй байсан ч Химакажимаг нэгэнт зориод очсон бол тэнд үзэх, хийх, идэх зүйл хангалттай их бий тул сэтгэл дундуур хоцроно гэж үгүй ажээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ