Камбожтой хийсэн цэргийн сургуулилалтын үеэр Хятадын арми нуруундаа автомат буу суурилуулсан робот нохойг танилцуулжээ. Уг робот нохой нь тагнуул хийх, дайсныг илрүүлж, байх онилох чадвартай аж. Хятад Камбожийн “Алтан луу 2024” сургуулилалтын үеэр хийсэн бичлэгт робот нохойг алсын удирдлагаар удирдах боломжтойг үзүүлсэн. Эдгээр нохой нь алхаж, үсэрч, хэвтэж, арагшаа хөдөлж буйг бичлэгт дүрсэлжээ.
Робот нохойг цэргийн зориулалтаар ашиглах бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадад болсон сургуулилалтын үеэр анх загварыг нь танилцуулж байжээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчин 2020 онд цэргийн өмчид учирч буй аюул заналыг илрүүлж, эсэргүүцэхийн тулд хиймэл оюун ухаан дээр суурилсан Дэвшилтэт байлдааны удирдлагын системийн (ABMS) холбоос болох робот нохойг хэрхэн ашиглаж байгааг харуулсан. Мөн 2022 онд оросууд Украин руу довтолсон цагаас хойш нисгэгчгүй онгоцнууд газар авсан. Дроныг байлдааны талбар, газар, далай, агаарт хэрэглэж , танк, байлдааны хөлөг онгоц зэрэг цэргийн нарийн техникийг цохих боломжтой болсон. Украины цэргийн хүчин байлдааны талбарт мөн адил дрон ашиглаж байгаа.
Ингэснээр батлан хамгаалах төсөв багатай цэргийн хүчин дайсантайгаа өрсөлдөх боломжийг олгожээ.
Хятад улс бол дэлхийн тэргүүлэгч нисгэгчгүй онгоц экспортлогчдын нэг юм. Гэвч өнгөрсөн жил тус улсын Худалдааны яам "үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах" шаардлагатай гэж үзэн нисгэгчгүй онгоцны технологид экспортын хяналт тавьжээ. Гэсэн хэдий ч робот ноход нэвтрүүлснээр Ардын чөлөөлөх арми чадвараа дээшлүүлсэн байна. Төрийн мэдлийн "Global Times" сонинд бичсэнээр, гадаадын цэргийнхэнтэй хамтарсан сургуулилтад робот нохойнууд оролцож байгаа нь хөгжлийн ахисан шатанд байгааг харуулж байна. Шинжээчдийн хэлснээр "Ер нь өөр улстай хамтарсан сургуулилтад шинэ техник авчрахгүй. Тиймээс робот нохойнууд техникийн тодорхой түвшинд хүрсэн байх ёстой" гэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ