Газын өмнөд хэсэгт орших Рафахад Израиль бүрэн хэмжээний дайралт хийн, хүмүүнлэгийн гамшигт хүргэсэн гэдэгт АНУ-ын засаг захиргаа итгэхгүй байна гэж Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэв. Уг мэдэгдэл гарахаас хэдхэн цагийн өмнө Рафахын дүрвэгсдийн хуаранд дэлбэрэлт болж, гал түймэр үүссэн. Дор хаяж 50 хүн амь эрсэдсэн ба тэдний дунд бага насны хүүхдүүд ч байсан.
Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь олон зуун мянган энгийн иргэд орогнож байгаа Рафахад бүрэн хэмжээний дайралт хийх нь улаан шугамыг давсан үйлдэл болно гэж мэдэгдэж байв. Гэвч төлөөлөгч Кирби мэдэгдэлдээ Рафахад нэг шөнийн дотор болсон дэлбэрэлтийг Израиль зохион байгуулсан гэдэгт эргэлзэж байна. Израилийн засаг захиргаа дүрвэгсдийн хуаранд болсон халдлага, гал түймрийг Хамасын нуусан зэвсгүүд дэлбэрсний улмаас үүссэн гэж тайлбарлажээ.
Хэвлэлийн хурал дээр Кирби Бямба гаригт болсон аймшигт явдлын зургийг сэтгүүлч нарт үзүүлжээ. Бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшин настай хүмүүс галд өртсөн эсвэл тал биеэ алдсан мэт аймшигт дүр зураглалыг олон нийтэд ил болгожээ.
Тэрбээр "Энэ мөргөлдөөнд гэм зэмгүй амь хохирох ёсгүй" гэсэн ба Израиль болсон үйл явдалд мөрдлөг явуулж байгаа гэв. Түүнчлэн "хуурай газар болсон хэргүүдэд Израиль буруутай гэж бодохгүй байна. Бид Израилийн хүчин Рафахад нэвтэрч буйг харсан. Гэхдээ тэднийг олон тооны цэргүүдийг бүлэгт хуваагдаж, алан хядлага явуулж байгааг хараагүй" гэв.
Цахим орчинд олон тооны гэмгүй палестинчууд үрэгдэж буй бичлэг нийтлэгдэж буй энэ үед Кирбигийн мэдэгдэл шүүмжлэгчдийн дургүйцлийг хүргэжээ. Израилийн цэргүүд халдлага үйлдэж буйг хараагүй гэх түүний үгийг ажиглагчид иш татан, ахимаг настай хүнийг амьд бамбай болгож буй Израиль цэргийн бичлэгийг цацсан байна.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Рафахад өгөх цохилтоо зогсоохгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан. Гэхдээ Бямба гаригт болсон явдлыг " эмгэнэлтэй золгүй явдал" гэж тодорхойлсон байна. Израилийн армийн албан тушаалтнууд тус өдөр болсон дэлбэрэлтийг Хамасын хоёр удирдагчийг устгах журмаар үүсгэсэн гэж мэдэгдсэн тул Кирбигийн мэдэгдэл оргүй хоосон аж.
Израилийн арми хуурай замын шинэ дайралтаа эхлүүлээд гурван долоо хонож байна. Рафахад байх Хамасын террористуудыг устгах зорилготой гэж мэдэгдсэн ч НҮБ-ын хүмүүнлэгийн хуаран, өөрсдийн аюулгүй бүс гэж тодорхойлсон хуарангуудад Мягмар гаригт цохилт өгсөн юм. "BBC" агентлаг болон бусад платформууд дээр нөхцөл байдлуудын талаар бичлэгүүд ил болсон ч Израиль үгүйсгэсээр байна.
Дайн эхэлснээс хойш хэдэн сая гаруй палестинчууд Рафахаас дүрвэсэн ч гарах гарцгүй болсон илүү олон хүн аврал эрсэн хэвээр байна гэж НҮБ мэдэгдэв. Египетийн хилээс 13 километр зайд Израилийн танк, пуужингийн системүүд хүрч, иргэдийг шахалтад оруулсан.
Одоогийн байдлаар 36 мянган хүн, үүнээс 15 мянган 0-18 насны хүүхдүүд Рафахад амь үрэгджээ. Уг тоо бодит байдал дээр илүү их байх боломжтойг НҮБ сануулав.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ