MESA-ийн зохион байгуулж 100 мянган ам.долларын шагналын сантай "Nomadic Masters" тэмцээн өчигдөр/2024.05.28/ эхэллээ. Тэмцээний эхний өдөр дөрвөн багийн хоёр тоглолт болов.
Эхний тоглолт Оросын "Aurora Gaming" болон Хятадын "Lynn Vision" багуудын хооронд өрнөсөн. Сүүлийн үед амжилт сайтай, формтой байгаа "Aurora Gaming" өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожжээ. Эхний ээлжийн тоглолт "Nuke" дээр болж, "Aurora" тоглолтын эхнээс илүү явсаар дуусгасан. Харин хоёр дахь ээлжийн тоглолт "Ancient" болоход эхний хагаст эн тэнцүү өрсөлдсөн ч сүүлийн хагаст Оросын баг илт илүүрхсэн аж.
"Nomadic Masters"-д оролцож буй хамгийн амжилт сайтай багаар "Aurora Gaming"-ийг нэрлэж болно. Тэд өнгөрсөн сард л гэхэд "Skyesports Masters"-д түрүүлж, "Dreamhack Melbourne"-д аман хүзүүджээ.
Тэгвэл хоёр дахь тоглолт тэмцээний гол фаворит болсон Монголын "The MongolZ" болон Канадын "Gaimin Gladiators" багуудын хооронд болсон. "ECSTATIC" нэртэй байхдаа "The MongolZ"-ийг хожиж байсан "Gaimin Gladiators" энэ удаад нутаг дээр нь ч хожихыг хүсч байв. Харамсалтай нь санаснаар болсонгүй. Эзэн орны баг илүү гэдгээ харуулж, 2-0 гэсэн харьцаатай хожив.
Ийнхүү дээд бүсийн хагас шигшээд "Aurora Gaming" болон "The MongolZ" багууд учраа таарлаа. Тэдний тоглолт өнөөдөр 18.30 цагаас болно.
Үүнээс өмнө биднийг хоёр тоглолт хүлээж байгаа. Тухайлбал, 12.00 цагаас BLEED Esports – Chinggis Warriors болон 15.15 цагаас OG – ATOX Esports багууд тоглоно. Тэмцээний шууд дамжуулалтыг "MESA"-ийн "Youtube" сувгаас үзэх боломжтой.