Бидний хайрт ээж, хайрт буурай эмээ, хайрт эгч, хайрт дүү Сандуйжав овогтой Хандсүрэн өвчний улмаас нас нөгчиж бидэнд асар их уй гашуу тохиолоо. Хайрт ээж С.Хандсүрэн маань 1938 оны арванхоёрдугаар сарын 15-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Их өвөлжөө хэмээх газар Сандуйжавын хоёр дахь охин болж мэндэлсэн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж сумын бага сургуульд суралцсан ба Улаанбаатар хотод сувилагчийн курс, сувилагчийн сургуульд суралцаж сувилагчийн мэргэжил эзэмшсэн.
Ажил хөдөлмөрийн гараагаа тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төв 9 дүгээр эмнэлэгт сувилагчаар эхэлсэн. Улмаар БТСУХ-ны даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1967 онд МУИС-д элсэн орж, 1972 онд биологийн багш мэргэжлээр төгссөн. Мөн 1973 оноос Анагаах ухааны дээд сургуулийн Физиологийн танхимд ахлах лаборантаар ажиллаж байгаад 1983 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан.
Бидний хайрт ээж С.Хандсүрэнгийн ажил хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавшгайч цол тэмдгээр хоёр удаа, ойн медалуудаар шагнасан билээ. С.Хандсүрэн нь амьдралын гүн их ухаантай, хөдөлмөрч хичээнгүй, шудрага шулуун, тусархаг зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Хайрт ээж С.Хандсүрэн таны маань гэгээн дүр түрх бидний зүрх сэтгэлд үүрд оршиж, мөнхөд дурсах болно.
Ум маани бад мэ хум
Үр хүүхэд, ач гуч зээ нар, төрөл төрөгсөд нь.
Улаанбаатар хот 2024.05.27
Холбоотой мэдээ