МОНАДА дүрмийн бус ажилласан учир Т.Бэгзсүрэнгийн эрх сэргэв

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

МОНАДА дүрмийн бус ажилласан учир Т.Бэгзсүрэнгийн эрх сэргэв

МОНАДА дүрмийн бус ажилласан учир Т.Бэгзсүрэнгийн эрх сэргэв

Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Бөхчүүд, уяачид, харваачид ч хэдийнэ бэлтгэлдээ гарч, уяа сойлго, бяр тэнхээ, онч мэргэнээ сойж байна. Албаны хүмүүс ч зохион байгуулах ажилдаа анхаарч, дүрэм журмын алдаа дахин гаргахгүй байх талаас анхаарч байгаа сурагтай. Учир нь, сүүлийн жилүүдэд баяр наадмын зохион байгуулах хорооны зүгээс процессын алдаа багагүй гаргаж, үүнийг нь ашиглаж зөрчил гаргасан бөхчүүд спортын арбирт, шүүхэд хандаж явсаар өөрт ашигтай шийдвэр гаргуулж буй.

Сүүлчийн жишээ гэхэд улсын харцага Т.Бэгзсүрэн. Тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож, тавын даваанд өвдөг шороодсон. Хуулиараа дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад түүнээс хориотой бодис илэрсэн билээ. Хуульд заасанчлан барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гарсан. Харин Т.Бэгзсүрэн энэ шийдвэрийг эсэргүүцэн, Спортын арбитрт гомдол гаргажээ. Түүний өргөдөлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нарт холбогдох үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх Допингийн давж заалдах комиссын нээлттэй хуралдаа өчигдөр/2024.05.28/ боллоо.

Спортын арбитрын зүгээс "Нэгдүгээрт, Допинг илэрсэн асуудалд өргөдөл гаргагч анхаасаа маргаагүй. Анх илэрсэн цагаас хүлээн зөвшөөрсөн тул өргөдөл гаргагч Т.Бэгзсүрэнг допинг хэрэглэсэн болохыг тогтоосугай. Хоёрдугаарт, WADA-ийн дүрмийн дагуу эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай. Мөн WADA-ийн дүрмийн 10.7.1.1-т заасны дагуу Т.Бэгзсүрэн допинг илэрсэн үеэс допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, спорт сонирхогч болон бусад өрсөлдөгч тамирчдаасаа уучлалт гуйж, допингийн эсрэг үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэсэн, манлайлал үзүүлэхээ илэрхийлсэн, допингийн эсрэг үйл ажиллагаанд бодит дэмжлэг, туслалцаа үзүүлэн шинжилгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлсэн, допингийг санаатай хэрэглээгүй болох нь тогтоогдсон, эмчлүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй учраас допингийг санаатайгаар хэрэглээгүй нь тогтоогдож байна. Иймээс эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай. Мөн допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг дүрмэнд нийцүүлэхийн тулд арбитрын давж заалдах комисст өргөдөл гомдол гаргаж, өөрийн эрхийг хамгаалах замаар энэхүү үйл ажиллагааг дүрмэндээ нийцүүлэх ажилд идэвх санаачлагатай оролцсон, спортын бүрэн бүтэн байдлыг хангахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан үзэн эрх хассан хугацааг зургаан сараар багасгаж, нийт эрх хасах хугацааг 18 сар байхаар тогтоосугай. Эрх хасах өдрийг дээж авсан өдрөөр буюу 2022 оны долдугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болгосугай" гэжээ.

Ийнхүү Завхан аймгийн Отгон сумын харьяат, улсын харцага Т.Бэгзсүрэн МОНАДА буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрэм, стандартын бус үйл ажиллагааны алдаа, цоорхойг ашиглан барилдах эрхээ сэргээлгэж байна.

Т.Бэгзсүрэн харцага тухайн жилийн наадмын өмнө тохой, гуяны булчиндаа бэртэл гэмтэл авсан учир наадамд барилдахын тулд хүчтэй эм тариа хэрэглэсэн гэдэг. Үүнийгээ ч баримт болон гэрчийн хамтаар нотолж чаджээ.

Тухайн үед Т.Бэгзсүрэн харцага өөрийн цахим хуудаснаа "Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны хавар тавдугаар сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүрийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна. Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна” гэж байв.

МОНАДА болон бөхийн холбооны дүрэм, стандартын бус үйл ажиллагааны эсрэг бөхчүүд гомдол гарган, эрхээ хамгаалж, шийтгэлээ хөнгөрүүлсээр байна. Улсын арслан Э.Оюунболдоос эхлээд улсын арслан М.Бадарч, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр сүүлд л гэхэд улсын харцага Т.Бэгзсүрэн гэх цуваа үргэлжилнэ. Энэ асуудалд цэг тавьж, МОНАДА, бөхийн холбоо, Баяр наадмын зохион байгуулах комисс олон улсын стандарт дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэдний эсрэг гомдол гаргасан бөх бүр спортын арбитр дээр ялалт байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж