Хөндөх сэдэв: Хүүхдүүд яагаад гэрээсээ дайжих болов!

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Хүүхдүүд яагаад гэрээсээ дайжих болов!

Хөндөх сэдэв: Хүүхдүүд яагаад гэрээсээ дайжих болов!

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд "Хүүхэд алга боллоо" гэх зар мэдээлэл багагүй цацагдах болсон. Хамгийн сүүлд гэхэд, 2024 оны тавдугаар сарын 21-ний өглөө 7.00 цагийн үед хичээлдээ явлаа гэж "Залуус" хорооллоос гараад сураггүй болсон хүүг эсэн мэнд олсон. Хүүхэд нь сураггүй боллоо, гэртээ ирэхгүй хэд хонолоо гэж эцэг эх, ар гэрийнхнийх нь зүгээс цагдаагийн байгууллагад хандах дуудлага сүүлийн үед нэмэгдэх болсон байна. Үүний шалтгаан юу вэ?

Нийслэлийн нэг л дүүрэгт хийсэн судалгааг танилцуулъя. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022, 2023 онд болон 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд алга болсон 205 тохиолдол гарч, хуулийн дагуу шалгагдсан байна. Тодруулбал, 2022 онд 65, 2023 онд 100, 2024 оны эхний гурван сард 40 гомдол, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, бүх хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Үүнээс дөрвөн хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Дүүргийн прокурорын газраас хүүхэд алга болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчтэй таарамжгүй харилцааны улмаас орон гэрээсээ дайжиж 1-7, цаашлаад 50 хүртэл хоногоор сураггүй болсон тохиолдол хамгийн их гарсан байна. Үүнээс гадна, тоглоомын газарт хонох, цагийн ажил хийх зэргээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүйгээр сураггүй алга болсон цөөнгүй тохиолдол бүртгэгджээ.

Бас нэгэн анхаарах ёстой тоон мэдээлэл байгаа нь гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа бол 50 орчим хувь нь өсвөр насны буюу 14-15 насны хүүхдүүд байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн гуравдугаар сард гэр бүлийн хүрээн дэх жэндэрийн эрх тэгш байдлын талаарх судалгааг танилцуулсан. Энэ судалгаанд гэр бүлийн 57 хувь нь хүүхдээ үл хайхрах байдлыг бий болгож, анхаарал халамж тавихгүй байна гэдгийг онцолж байв. Мөн өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн боловсролд анхаарах шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байсан.

Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг клиник,
  • Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл мэндийн төвд есөн клиник, кабинет,
  • 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет,
  • Дорноговь аймгийн Замын-Ууд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад гурван кабинетаар тус тус уйл ажиллагаа явуулж байна.

Өсвөр үеийн кабинет, клиник, төвүүдийн зарим нь эмч, сувилагч, зарим нь эмч, нийгмийн ажилтан, зарим нь зөвхөн эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна. Гэр бүлийн харилцаа, эцэг эхийн үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдүүдийг гэрээсээ дайжихад хүргэж буйг албаныхны судалгаа, тоон мэдээлэл харуулж байгаа юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгож тэдэнтэй харилцах харилцаандаа анхаарах, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж