Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүд сонирхолтой, олны анхаарлыг татахуйц олон дүрийг сойж байгаа. Тэдгээрээс энэ удаа салбар, салбартаа танигдсан эрхмүүдийг онцолж байна.
ГЭР БҮЛИЙН ТОГТОЛЦОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛСЭН ИЗНН-ЫН ДЭД ДАРГА
Дуучин Нара /Мөнхтөрийн Нарантуяа/ Иргэний зориг ногоон намд элсч, тус намын дэд даргаар томилогдон ажиллаж буй. Сонгуульд зөвхөн эмэгтэйчүүдийг төлөөлөөд зогсохгүй бизнес эрхлэгч болон гэр бүлийн тогтолцооны асуудлыг ч хөндөх зоригтой байгаагаа мэдэгдсэн. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж байсан туршлагатай. Харин энэ удаад тойрогт намаа төлөөлж нэр дэвшихээр чухам завгүй ажиллаж байгаа аж.

Түүний хувьд 2020 оноос Н.Номтойбаярын хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан бөгөөд хууль эрх зүйн салбарт бугшсан асуудал болоод цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн эсрэг хүчтэй дуу хоолой болох нэгэн гэдгийг мэдэх хүмүүс нь тодорхойлжээ.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Иргэний зориг ногоон намд элсч, Дархан-Уул аймгийн ИЗНН-ын дэд даргаар сонгогдоод буй. Түүний хувьд эх орныхоо хөгжил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө, шударга, авлигагүй, эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээхэд зөвхөн спортын тамирчин, багш дасгалжуулагч хүнийхээ хувьд биш Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолдоо үндэслэн Улсын Их Хурлын сонгуульд намаасаа нэр дэвших хүсэлтээ өгсөн хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн.
Ямартай ч түүний хувьд 2016 онд нэр дэвшиж байсан Дарханы тойрогтоо хүч сойх хүсэлтэй байгаа аж.
Гэхдээ одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.
МАН-ААС УРВАЖ ШИНЭЭС ДЭВШИХЭЭР ЗОРИГЛОСОН ДЭД САЙД АСАН
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Жолмон МАН-ын гишүүнчлэлээсээ өнгөрсөн жил гарч, Шинэ намын дэд даргаар томилогдсон. МАН түүнийг хамгийн сүүлд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлаар томилж байсан ч тэрбээр Шинэ намын жагсаалтаар гишүүн болохоор жилийн өмнөөс бэлтгэлээ базаагаад буй.
Түүний хувьд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам авлигын индекс буурдаг. Тиймээс улс төрийн төлөөлөлд багтах хүчтэй нэгэн гэдгээ илэрхийлсэн юм.
МОНГОЛЫН ТҮҮХЭНД ПАРАЛИМПААС АНХ УДАА АЛТАН МЕДАЛЬ АВСАН ТАМИРЧИН НЭР ДЭВШИНЭ
Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпаас алтан медаль авсан байт харвааны тамирчин Д.Баатаржав мөн л Шинэ намаас нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр 1989 оноос байт харвааны спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан. Мөн 2000 онд Австралийн Сидней хотноо болсон паралимпаас шагналт тавдугаар байр, 2001 онд Өмнөд Солонгосын Вонжу хотноо болсон Номхон Далайн наадмын шагналт дөрөвдүгээр байр тус тус эзэлж байжээ.
2008 оны Бээжингийн паралимд мөн байт харвааны төрлөөр оролцож алтан медаль авсан. Түүнийг 2008 оны есдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнаж байсан юм.
COVID-19-ИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ
УИХ-ын 12-р тойрог Хан-Уул дүүрэг Үндэсний эвслээс Б.Цэцэгсайхан нэр дэвшиж байна. Түүний хувьд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь монголчуудын хэрэглэж байгаа бүхий л эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, хэрэглээнд нэгдсэн хяналт тавьж ажиллах үүрэгтэй байгууллага.
Тиймдээ ч саяхан болсон эмийн сонсгол болоод цахим хуудаст Б.Цэцэгсайхан цар тахлын үеийн эмнэлгийн салбарын олон асуудлыг илчилж шүгэл үлээж буй юм.
Холбоотой мэдээ