1000 оюутны байр ”Галын аюултай”

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

1000 оюутны байр ”Галын аюултай”

Хэдхэн хоногийн өмнө хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр “1000 оюутны бай­рыг хаалаа” гэсэн гарчигтай мэ­дээлэл гарсан. Баянзүрх дүүр­гийн Онцгой байдлын хэлтсийн бай­цаагчид тус байранд шалгалт хийсэн байна. Улмаар галын аюул­гүй байдал, аврах гарц гээд олон зүйл нь аюулгүй ажиллагааны дү­рэм, стандартыг хангахгүй байсан тул гэрэл цахилгааныг нь таслаад хүн амьдарч болохгүй гэх тогтоол шийдвэр гаргаад явсан юм байх.  Үүний мөрөөр бид сурвалжиллаа. Хөдөө орон нутгаас нийслэлд сурал­цахаар ирсэн олон оюутны санааг зо­воодог асуудлын нэг нь яах аргагүй амьдрах байр юм. Тэдэнд хаана амьдрах тухайд олон сонголт байхгүй. Хэрвээ сургуулийнхаа дотуур байранд орж чадахгүй бол өндөр үнэтэй хөлс­ний байр эсвэл хажуу өрөө хайхаас өөр зам хөдөөний оюутнуудад үгүй. Хямд­хан тэгээд амьдрах нөхцөл тийм ч сайн биш нийтийн орон сууц, орцны хонгилд амьдрах өөр нэг сонголт байж ч болох юм. Ма­най сонин өмнө нь оюутны байр­ны хүрэлцээ муу байгаа та­лаар сурвалжлан хүргэж байсан би­лээ. Сургуулийнхаа байранд орж ча­даагүй, эсвэл дотуур байргүй ху­вийн сургуулийн оюутнуудын за­рим нь Баянзүрх дүүрэгт байрлах “сүнстэй”-гээрээ алдартай 1000 оюутны байрыг зорьдог. Байр нь хаагдсан болохоор орох орон­гүй олон оюутан үүдэнд нь санаа ал­даад хаачихаа мэдэхгүй  сууж байгаа байх хэмээн бодсоор тус байранд очсон юм. Гэсэн ч бу­руу бодож  байснаа тус байрны үүдээр ороод мэдэв. Биднийг очиход жижүүр нь үүдэндээ хоол хий­чихсэн нэгэн оюутныг  “Ус аваад ирээч” хэмээн зогсч  байсан. Ямар ч байсан цахилгаан байгаа байх нь ээ хэмээн бодов. Бидний хажуугаар оюутнууд “Сайн байна уу” хэмээн жижүүр эгчтэй мэндлэн зөрөх аж. Тэгэхээр нь мөн л “Энэ дотуур байранд хүмүүс амьдарч байгаа юм байна” хэмээн бодсон юм. Байрны жижүүр нь уржигдраас ажилдаа орсон болохоор шалгалт, шүүлэг ирснийг сайн мэдэхгүй байна гэж байв. Үүдэнд нь байдаг зарлалын самбар дээр  “Бид дотуур байрандаа 10 жил оюутан суулгаж байгаа. Энэ сарын 15-наас эхлэн бүртгэл эхэлнэ. Орохыг хүсвэл шаардлагатай материалаа бүрдүүлж, мөнгөө тушаагаарай” гэх агуулгатай зарлал наажээ. Оюутнуудаа 10 гаруй хоногийн өмнөөс авч эхлээд буй бололтой. Үүдэнд нь зогсч байх хугацаанд ч хөнжил, гудас, цүнх, чемоданаа барьсан оюутан хэд, хэдээрээ зөрж орсон юм. Байрны жижүүрээс Онцгой байдлын хэлтсийн байцаагчдын гаргасан дүгнэлтийн талаар болон алдаа дутагдлаа засчихсан болохоор оюутнуудаа авч байгаа эсэхийг асуув. Гэсэн ч тэрбээр “Захирал, удирдлагуудаас асуу” гэснээр байрны комендант Н.Азжаргалтай утсаар холбогдоход “Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагчид шалгаад явсан. Гэхдээ одоо ямар ч асуудал байхгүй. Зөрчилтэй байсан зүйлсээ бүгдийг нь засч янзалсан. Одоо оюутнуудаа аваад үйл ажиллагаагаа явуулж байна” гэдэг хариултыг өглөө. 1000 оюутны байрны энэ жилийн төлбөр нь 280 мянган төгрөг бөгөөд 400-500 оюутан амьдардаг ажээ. Тус оюутны байранд ойр орчимд нь байдаг “Улаанбаатар” их сургууль, “Сутай” дээд сургууль, Хилийн цэргийн дээд сургуулийн гээд ихэвчлэн хувийн их, дээд сургуулийн оюутнууд амьдардаг аж. Тэнд амьдардаг оюутнууд ч “Оюутны байр хүрэлцээгүй, хөлсний байр үнэтэй байдаг. Энэ байр хүмүүсийн ярьдаг шиг сүнстэй биш. Амьдрахад хэцүү, аймаар муухай газар биш. Оюутны бусад байртай л адил” гэх юм билээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч н.Цэрэндорж:
-Уг байраар саяхан орж га­лын аюулгүй байдал, аврах гарц, гамшгийн үед хэрэглэх шаард­лагатай зүйл нь  дүрэм, стандартын дагуу байх ёстой газраа байна уу зэргийг шалгасан. Шалгалтын явцад энэ бүх шаардлагыг хангахгүй байна хэмээн үзээд гэрэл, цахилгааныг нь таслаад тушаал шийдвэрээ та­нил­цуулаад явсан. Түүнээс хойш үүнийгээ засч, зал­рууллаа гэсэн мэдээлэл ирээгүй байна. Хэрвээ мэдэгдвэл бид очиж танилцаад цаашид хэвийн ажиллах боломжтой гэж үзвэл ажиллах эрхийг нь өгч болно. Бидний зөвшөө­рөлгүй үйл ажиллагаагаа явуулж, оюутнуудаа авч байгаа нь тушаал шийдвэрийг зөрчиж байгаа гэсэн үг. Шаардлагатай арга хэмжээг авах болно.

Оюутан Н.Баасанбаяр:
-Энэ байранд өмнө нь амьдарч байгаагүй. Би Орхон аймгаас ирсэн. Өрөөндөө дөрвүүлээ амьдардаг. Амьдрах орчин нь гайгүй ээ. Сургуулийнхаа байранд орж чадаагүй. Дотуур байр хүрэлцээгүй болохоор хэцүү байдаг.

Оюутан Т.Баасанжаргал:
-Би “Идэр”  дээд сургуульд сурдаг. Хөвсгөлөөс ирсэн. 1000 оюутны байранд хоёр дахь жилдээ амьдарч байна. Манай сургууль уг нь дотуур байртай. Гэхдээ бусад сургуулийн байр шиг бас л орны тоо нь хүрэлцээгүй. Энэ байрыг амьдрахад боломжийн гэж боддог. Гэхдээ бие засах газар, халуун ус нь нийтийнх болохоор бага зэрэг хүндрэлтэй байдаг. Ялангуяа бие засах газар нь бохир байдаг. 

Оюутан Ж.Лхамноржин:
-1000 оюутны байранд энэ жил л орж байна. “Сутай” дээд сургуульд сурдаг. Манай сургуулийнхан энэ байрны удирдлагуудтай гэрээ хийс­ний үндсэн дээр оюутнуудаа 20 хувийн хөнгөлөлттэй үнээр оруул­даг юм. Сургуультай ойрхон боло­хоор зүгээр л байдаг. Бие засах өрөө нь бага зэрэг бохир. Зарим өрөө нь тусдаа бие засах өрөөтэй бай­даг юм. Өрөө тасалгаа, коридор нь оюутны бусад байртай ижилхэн.

Нийслэлийн Онцгой байдлын газраас боловсролын байгууллага болон дотуур байруудаар шалгалт хийсэн. Тэдний хэлж буйгаар оюутан, сурагч­дын дотуур байрны удирдлагууд бага зэрэг санаачилга, багахан хө­рөнгө гаргаад ажиллахад л аюулгүй байдал гээд нийслэлийн Онцгой байдлын газрынхны нэхээд байгаа зүйлсийг хийчих боломжтой гэнэ. “Гал, гамшиг гарахад хэнийгээ хаа­гуур гаргахаа төлөвлөж, гал унтраах хэрэгслийг байх ёстой газар нь бүрэн бүтнээр нь байрлуулах, ца­хил­гааны утсаа янзлах зэрэгт тийм ч их хөрөнгө ордоггүй тул дүрэм, зааврын дагуу энэ бүхнээ хийчихвэл ийм асуудал гарахгүй” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах байцаагч Г.Баатархүү хэллээ.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж