Тансаг сүрчиг үйлдвэрлэлийн таагүй үнэн

Хуучирсан мэдээ: 2024.05.29-нд нийтлэгдсэн

FASHION

Тансаг сүрчиг үйлдвэрлэлийн таагүй үнэн

Тансаг сүрчиг үйлдвэрлэлийн таагүй үнэн

Тансаг сүрчигний нийлүүлэлтийн сүлжээнд хийсэн шалгалтаар хүүхдийн зүй бус хөдөлмөрийг илрүүлжээ. Тодруулбал, “Lancome” болон “Aerin Beauty”-ийн сүрчигний найрлагад ордог мэлрэг цэцэгийг насанд хүрээгүй хүүхдүүд түүдэг болохыг шалгалтаар тогтоосон. Тансаг зэрэглэлийн сүрчигний брэндүүд бүгдээрээ хүүхдийн хөдөлмөрийг тэвчихгүй гэж мэдэгддэг. Гэвч ачир дээрээ нөхцөл байдал өөр байгаа аж.

“Lancome” болон “Aerin Beauty”-ийн сүрчигний найрлагад ордог мэлрэг цэцэг нь Египетээс гаралтай. Египетэд дэлхийн мэлрэг цэцгийн цэцгийн тэн хагасыг үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь сүрчигний гол найрлага юм.

Сүрчиг үйлдвэрлэгч компаниуд төсвийн хямралд орсон тул ажилчид нь маш бага цалин авах болсон. Тиймээс мэлрэг цэцэг түүх ажилд хүүхэд дайчлахаас өөр аргагүй болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолжээ.

Тус салбарын нийлүүлэлтийн сүлжээг шалгахад ашигладаг аудитын систем нь маш их алдаатай байгааг мөн илрүүлсэн байна.

НҮБ-ын боолчлолын орчин үеийн хэлбэрүүдийн асуудлаарх тусгай илтгэгч Томоя Обоката хэлэхдээ “Египетийн мэлрэг цэцгийн тариалангийн талбайд хийсэн нууц зураг авалтууд намайг бухимдуулж байна. Салбарын удирдлагууд амаараа бол нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдал, хүүхдийн хөдөлмөрийн эсрэг тэмцэл гэх мэт маш олон сайн сайхан зүйлийг амладаг. Гэтэл эдгээр бичлэгийг харахад тэд амласнаа биелүүлэхгүй байна” гэв.

Египетийн мэлрэг цэцгийн бүс нутагт амьдардаг хүмүүс нарны халуунд цэцэг гэмтэхээс урьтаж, үүрийн 03:00 цагт сэрж, ажилдаа ордог. Мэлрэг цэцэг түүдэг Хеба 5-15 насны дөрвөн хүүхдээр туслуулж цэцгээ түүдэг аж. Хэдий чинээ ихийг түүнэ, төдий чинээ их орлого олно. Тэд нэг өдрийн дотор 1.5 кг мэлрэг цэцэг түүж байна. Орлогынхоо гуравны нэгийг газрын эзэнд төлөөд өөрсдөд нь ойролцоогоор 1.5 ам.доллар үлддэг.

Египетэд инфляци урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, цэцэг түүгчид ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа нөхцөлд энэ нь боломжийн цалин юм.

Гэвч цэцэг түүгчдийн хувьд сөрөг үр дагавар их. Хебагийн 10 настай охин Басмалла нүдний харшилтай гэж оношлогджээ. Эмчид үзүүлэхэд мэлрэг цэцэг үргэлжлүүлэн түүсээр байвал хараанд нь нөлөөлнө гэсэн байна.

Мэлрэг цэцгийг түүж, жинлэсний дараа цэцэгнээс тос гаргаж авдаг орон нутгийн хэд хэдэн үйлдвэрт шилжүүлдэг.

Египетэд мэлрэг цэцэг түүж буй 30 мянга орчим хүний хэд нь хүүхэд гэдгийг хэлэхэд бэрх. Ямартай ч голлох дөрвөн байршилд цэцэг түүж буй хүмүүсийн дийлэнх нь 15-аас доош насныхан байна. Гэтэл Египетэд 15-аас доош насны хүүхдийг 19:00-07:00 цагийн хооронд ажиллахыг хориглодог.

Сүрчиг үйлдвэрлэгч компаниуд зар сурталчилгаандаа ёс суртахууны талаар дурдах дуртай. Тэд бүгдээрээ хөдөлмөрийн аюулгүй байдал, хүүхдийн хөдөлмөрийг устгах тухай НҮБ-ын удирдамжийг дагаж мөрдөхөө амласан амлалтын бичигт гарын үсэг зурсан. Тэдний гол асуудал бол нийлүүлэлтийн сүлжээндээ хяналт тавьдаггүй явдал.

Үнэртний компаниудад аудит  хийдэг “Sedex” компани “Бид хөдөлмөрийн эрхийг зөрчиж буй бүх хэлбэрийн эсрэг тууштай тэмцэж байна. Гэхдээ байгаль орчин, хүний эрхийн бүх эрсдэл, нөлөөллийг илрүүлж, арилгахад дан ганц хэрэгсэлд найдаж болохгүй” гэж мэдэгджээ.

Үйлчлүүлэгч юунд аудит хийлгэхээр мөнгө төлсөн, аудиторууд түүнийг нь л шалгана. Энэ нь бас нэгэн гажуудал аж. Магадгүй тэдний шалгах зүйлсэд ажиллах хүчин багтаагүй гэсэн үг юм.

“L’Oréal” брэндийн зүгээс мэдэгдэл хийхдээ “Асуудал гарах бүрт бид үндсэн шалтгаан, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлохын тулд идэвхтэй ажилладаг. 2024 оны нэгдүгээр сард хүний эрхийн болзошгүй зөрчлийг илрүүлэх зорилгоор үнэлгээ хийлгүүлсэн” гэжээ.

Үйлдвэрийн орчинд хүүхдийн хөдөлмөрийг хориглодог учир мэлрэг цэцгийн дийлэнх хувийг бие даасан цуглуулагчид буюу хувь хүнээс авдаг.

Цэцэг түүгч Хебагийн хувьд үнэртэй усыг хэрэглэж буй энгийн хэрэглэгчид ч хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн талаар дуу хоолойгоо өргөөсэй гэж хүсч байна. “Энд байгаа хүмүүс ямар ч үнэ цэнгүй. Хүмүүс сүрчиг хэрэглэлээ гээд би дургүйцдэггүй. Гэхдээ энэ үнэртэй усыг хэрэглэж байгаа хүмүүс хүүхдийн зовлонг олж хараад, үг дуугараасай” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж