"Эрчим хүчний шилжилт хийхэд жижиг зах зээл нөлөөлөхгүй"

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

"Эрчим хүчний шилжилт хийхэд жижиг зах зээл нөлөөлөхгүй"

"Эрчим хүчний шилжилт хийхэд жижиг зах зээл нөлөөлөхгүй"

Эрчим хүчний зохицуулах хороо АНУ-ын эрчим хүчний зохицуулагчдын үндэсний ассоциацитай хамтран “Цахилгаан эрчим хүчний бөөний өрсөлдөөнт зах зээлийн стратеги” сэдэвт уулзалтыг өнөөдөр /2024.05.28/ зохион байгууллаа. Тус уулзалтад АНУ, Өмнөд Солонгос, Турк зэрэг улс хэрхэн эрчим хүчний бөөний зах зээл нэвтрүүлсэн туршлагаасаа санал солилцлоо.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун "Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний зохицуулалтын чиглэлээр АНУ-ын Эрчим хүчний зохицуулах байгууллагуудын холбоотой хамтран эрчим хүчний зохицуулалт, зах зээлийн талаар уулзалт зохион байгуулж байна. АНУ-ын 50 мужид эрчим хүчний зохицуулах хороо ажилладаг. Эдгээрийг нэгтгэсэн / NARUC / гэж байгууллага байдаг. Уг байгууллагатай Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь эрчим хүчний салбарын үнэ тарифын талаар зөвлөгөөн зохион байгуулж байсан. Энэ удаад эрчим хүчний салбарын зах зээлийн чиглэлээр туршлага, санал бодлоо солилцож байна. Дэлхийд эрчим хүчний олон зах зээлийн төрлүүд байдаг. Жишээлбэл гэрээт, бөөний болон жижиглэнгийн зах зээл, нэг худалдан авагчтай загварын зэх зээл гэх мэтчилэн. Үүнээс тухайн улс орон онцлогтоо хамааруулан сонгоод явдаг. Монгол Улс нэг худалдан авагчтай загварын зах зээлийг хэрэгжүүлдэг. Дараагийнх нь бөөний зах зээл байх боломжтой. Эрчим хүчний салбарт олон шинэ эх үүсвэрүүд баригдана. Хувийн хөрөнгө оруулалтууд нэлээд орж ирнэ. Ингээд ирэхээр бөөний зах зээл рүү шилжих боломж нээгдэнэ. Өнөөдрийн уулзалтаар Перу болон Турк улсын бөөний эрчим хүчний зах зээлийн туршлагыг сонсож, давуу тал болон бөөний эрчим хүчийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал зэргийг ярилцаж байна" гэлээ.

Эрчим хүчний бөөний зах зээлд шилжсэнээр ямар давуу тал үүсэх вэ? 

Монгол Улс эрчим хүчний бөөний зах зээлд шилжсэнээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт татах, мөн өрсөлдөөн үүснэ гэх мэт олон давуу талтай. Өрсөлдөөнт зах зээлд орвол үнэ хамгийн чухал. Чөлөөт өрсөлдөөнд орвол эрэлт, нийлүүлэлтийнхээ хуулиар явна. Эрчим хүчний үнийн талаар байнга ярьдаг. Одоогийн эрчим хүчний үүсвэрүүд монопол байна. ТЭЦ-4 гэхэд ганцаараа дотоодын үйлдвэрлэлийн 60-70 хувийг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, 774 МВт. Гэтэл зах зээлд оролцож байгаа бусад үүсвэрүүд 10-20 МВт хэмжээтэй жижиг байна. Иймээс өрсөлдөөн үүсэхгүй байна. Хоёрдугаарт өртгийн хувьд ТЭЦ-4 эрчим хүчийг нэг КвТ-ыг нь 80-90 төгрөгөөр үйлдвэрлэж байхад нарны станцууд гэхэд үнэтэй үйлдвэрлэж байна. Хүчин чадал, өртгийн хувьд шууд өрсөлдөхөд хүндрэлтэй байна. Мөн Монгол Улс эрчим хүчний дутагдалд орчихсон. Ямар ч нөөцгүйгээр, байгаа бүх тоноглолоо ажиллуулаад явж байна. Иймээс өрсөлдөөн үүсгэхийн тулд Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс арга, аргачлалаа боловсруулаад явж байгаа" гэдгийг тэрбээр тодотголоо. Монгол Улсын одоогийн эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц, хэрэглээний онцлогоос хамаараад шууд эрчим хүчний бөөний зах зээлд шилжих боломжгүй юм байна. Гэсэн хэдий ч дараагийн зах зээлийн суурийг тавьж холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг үе шаттай хийж байна.

Туркийн Айдын Их Сургуулийн профессор Курсад Деринкую: 

-Турк улсад эрчим хүчний зах зээлийн шилжилт 20 гаруй жил  үргэлжилсэн. Шилжилтийн хугацаанд бусад орны туршлага, сайн загваруудыг судалж, хэрэгжүүлж ажилласан. Зохицуулалтын тал дээр хэрэглэгч нийлүүлэгч хоёр талыг сайн сонсож үүний үндсэн дээр зах зээлийн шилжилтийг хийж явсан. Ингэсний үр дүнд хөрөнгө оруулалтыг хувийн сектор талаас маш сайн татаж чадсан. Эрчим хүчний шилжилтийг хийхэд олон бэрхшээл тулгарч байсан. Тэр болгонд хурдан арга хэмжээ авч ажилласны үр дүнд хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг олж чадсан. Турк болон бусад хөгжилтэй улс орнуудад эрчим хүчний зах зээлийн шилжилт үргэлжилж байгаа. Бид байнга сорилттой тулгарч, түүнийгээ даван туулж, шинэ технологиуд нэвтрүүлдэг. Монголын хувьд жижиг зах зээлтэй. Гэхдээ Монгол шиг жижиг зах зээл, хүн ам багатай боловч зах зээл рүү шилжчихсэн Европын орнууд байдаг. Иймээс эрчим хүчний зах зээл рүү шилжихэд жижиг зах зээл гэдэг нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Харин хөрөнгө оруулагч нарт улс төр, эрчим хүчний зохицуулалтын хувьд тогтвортой гэдгийг ойлгуулах хэрэгтэй гэв.

Монгол Улсад одоогоор эрчим хүчний “Нэг худалдан авагчтай зах зээл”-ийн загвар хэрэгждэг. Энэ нь цахилгаан станцуудаас болон импортоор авсан цахилгаан эрчим хүчийг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК худалдан авч цахилгаан түгээх компаниудад худалддаг зохицуулалттай юм. Нэг худалдан авагчтай зах зээлээс өрсөлдөөнт бөөний зах зээлд шилжсэнээр хөрөнгө оруулагчдыг татах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бодит өртгийг хангасан тарифын тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж