Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотноо 15 өдөр үргэлжилж, аваргаа тодрууллаа. Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаж чадалгүй өнжсөн. Тиймээс бөхчүүдэд боломж гарч ирсэн. Энэ ч боломжийг 23 настай Оносато Дайки ашиглав.
Энэ оны башё бүрт сайн барилдаж, 11 болон түүнээс дээш даваа авч буй Оносато Нацү башёд 12 даваа, гурван унаатай түрүүлжээ. Башёгийн сүүлийн өдөр л гэхэд сэкивакэ Абиг давсан аж. Түүний араас 11 даваа, дөрвөн унаатай озэки Котозакүра буюу Котоновака, Дайэйшо, арван даваа, таван унаатай Хошорюү С.Бямбасүрэн, Аби, Мэйсэй, Ошома, Рюүдэн нар удаалжээ.
Дээд зиндааны анхны түрүүгээ хүртсэн Оносата өнөөдөр/2024.05.28/ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Түрүүлснийхээ дараа хамгийн их бодсон зүйл гэвэл эзэн хааны цом үнэхээр хүнд юм байна лээ. Мэдээж түрүүлсэндээ баяртай байна. Гэхдээ миний эцсийн зорилго энэ биш. Энэ амжилтаа ахиулж, улам дээшилмээр байна" гэв.
Оносатогийн багш нь монголчуудын эчнээ мэдэх ёкозүна Кисэнсато. Оносато башёгийн 11 дэх өдөр өвдөг шороодож, гурван унаатай болсны дараа багш нь түүнд хандан "Эзэн хааны цом чамд очихоос нэгэнт өнгөрсөн" гэж хэлсэн аж. Харин башёгийн сүүлийн өдөр "Түрүүлвэл битгий баярлаарай. Энэ чиний зорилго биш" гэжээ.
Энэ талаар Оносато ярихдаа "Багшийн хэлсэн үгс намайг тайвшруулсан. Нишоносэки дэвжээнд нэгдсэнээр миний сэтгэл сэргэсэн" гэжээ.
Сүүлийн гурван башё дараалан 33 болон түүнээс дээш даваа авсан Оносато ирэх башёд озэки цолтой эргэн ирэхээр яригдаж байна. Ишикава мужийн уугуул тэрбээр нутгийнхандаа ойрд сонсогдоогүй сайхан мэдээ дуулгаж байна. Учир нь Оносатогийн төрсөн нутагт шинэ оны эхэнд газар хөдөлж, багагүй хохирол учруулжээ.
Оносато "Нэгдүгээр сард тохиосон газар хөдлөлт үнэхээр хэцүү цагийг авчирсан. Гэхдээ би тэднийгээ баярлуулж, цом хүртэж чадлаа. Нагояа бол Ишикаватай ойрхон. Нагояад болох ирэх башёд намайг олон хүн ирж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Би ч сайн барилдах байх. Би ирэх башёд 13, 14 даваа авмаар байна. Мөн Япон даяар олонд хүндлэгдсэн, хайрлагдсан сүмо бөх болмоор байна" гэжээ.
Холбоотой мэдээ