НЭМЭЛТ:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2024.05.28/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлыг товлолоо. Тодруулбал, шүүх хурлыг ирэх зургадугаар сарын 4-нд 09.00 цагт хийхээр товлосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан тул шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
"Би шударга үнэнээр шүүлгэхийг хүсч байна"
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр /2024.05.28/ шүүх хуралд орохынхоо өмнө мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Намайг татвар төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн нэр төрд халдсан, төрийн нууц мэдээлэл хадгалсан гэдэг эрүүгийн дөрвөн зүйл ангиар яллахаар прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Олон асуудлыг эргэн тодруулъя. Мөрдөн байцаах явцад маш олон эргэлзээтэй асуудал үлдсэн. Би холбогдсоноо ч ойлгохгүй байгаа нэг хэрэг байгаа. Тэр нь Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл буюу төрийн нууц мэдээллийг хадгалсан гэсэн. Төрийн нууц мэдээллийг хадгалсан хүн байгаа бол задруулсан хүн бас байх ёстой. Тэр нь Эрүүгийн хуулийн 19.12 дугаар зүйл буюу төрийн нууцыг задруулах талаар заасан байдаг. Хэн гэдэг хүн надад төрийн ямар нууцыг өгсөн бэ. Төрийн нууц нь юу юм бэ. Тэр нууц нь миний гэр, машинаас, ажлын ширээнээс илрээгүй байхад яагаад холбогдуулж шалгасан юм бэ. Энэ мэтчилэн маш олон асуудлыг тодруулж өгөөч ээ.
Намайг уучлаач гэж санал тавьж, тохироо хийх олон боломж байсан. Би шударга үнэнээр нь шүүлгэхийг хүсч байна.
Ямар хэрэг дээр сэтгүүлчийг буруутгаж байгааг олон нийт мэдэх хэрэгтэй. Би шантааж хийсэн юм уу, үгүй юу. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд намайг юу хийснийг шалгасан. Бүх дансны гүйлгээ, орлого зарлага, эд хөрөнгийг маань өдөр шөнөгүй хоёр сар цагдаагийн байгууллага өргөн бүрэлдэхүүнтэй шалгасан. Надад нуугаад байх юм алга. Ямар асуудал дээр буруутгаад байна вэ. Намайг витамин зараад татвараас бултсан гэж үзэж байгаа бол ийм зүйл ангиар буруутгаж байна гэх ёстой. Би хариуцлага хүлээх ёстой бол хүлээнэ. Шалдар булдар зүйл ангиар яллавал хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм.
Нийслэлийн прокурорын газраас мэдээлэхдээ “Зариг” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн.