Гэрийн даалгаваргүй бүтэн жилийн хөтөлбөрийг Японд хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.05.28-нд нийтлэгдсэн

Гэрийн даалгаваргүй бүтэн жилийн хөтөлбөрийг Японд хэрэгжүүлэв

Гэрийн даалгаваргүй бүтэн жилийн хөтөлбөрийг Японд хэрэгжүүлэв

Японы нэгэн бага сургууль гэрийн даалгаваргүй бүтэн жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнд сурагчдын сурах хүсэл эрмэлзэл нэмэгдсэн гэж сургуулийн зүгээс мэдэгдсэн байна.

Ямагата мужийн Нишшин бага сургуулийн захирал Асай Жун 2023 оны дөрөвдүгээр сард энэхүү зоригтой санаачлагыг гаргажээ. Дөчин жил багшилсан туршлагатай Асай гадаадад сургалтад хамрагдахдаа хүүхдийн бие даасан байдлыг төлөвшүүлэх ач холбогдлын талаар олж мэдсэн байна. Ингээд 500 сурагчтай сургуульдаа өөрчлөлт хийхээр шийдсэн аж.

Тэрбээр нэгдүгээр ангид элсэн орсон 64 шинэ сурагчийг угтан авахдаа "Хүчээр хичээл хийхийн оронд өөрийнхөө хүссэн зүйлийг сурч мэдээсэй гэж хүсч байна" гэжээ. Мөн "Хүүхэд нь гэрийн даалгавар хийж л байвал насанд хүрэгчид тайвширдаг. Гэвч энэ нь ямар ч бодолгүйгээр хийдэг автомат зүйл болж хувирдаг. Энэ нь хүүхдэд үнэхээр ашиг тустай юу, тэд үнэхээр суралцах чадварыг эндээс олж авдаг уу гэж би бодсон.

Гэрийн даалгаваргүй болсноор хүүхэд юу хийхийг хүсч байгаагаа, юу сонирхож байгаагаа өөрсдөө боддог" гэж тэр хэлэв.

Гэрийн даалгаврын тухай хуульчлан заасан зүйл байхгүй ч Японы ихэнх сургууль даалгавар өгдөг. Нишшин бага сургуулийн хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд сурагчдад хичээлээ бие даан давтах боломж олгосон нэмэлт материал санал болгожээ. Сурагчид нэг юм уу хоёр л гарын авлага авна гэж бодсон ч зарим хүүхэд бүр 10 хүртэл материал авчээ. Хүүхдэд гэрийн даалгавар өгөхөөс илүү бие дааж сонголт хийхийг нь зөвшөөрвөл илүү үр дүнтэй юм гэсэн дүгнэлт эндээс гарсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Асай багш нартай олон удаа уулзжээ. Багш нар мэдээж сурагчдынхаа ахиц дэвшлийг хянахад хэцүү болно гэж санаа зовж байсан. Гэхдээ хөтөлбөрийн эцэст багш нар гэрийн даалгавар тэмдэглэх, шалгахад цаг зарцуулахгүй тул хичээлээ бэлдэх, сурагчидтайгаа харилцахад илүү их цаг зарцуулсандаа олзуурхаж байжээ.

Сурагчдын төлөөлөл хөтөлбөрийн талаар ярихдаа "Гэрийн даалгавар өгөхгүй гэхэд нь эхлээд их гайхсан. Гэхдээ даалгавар байхгүй бол би илүү их идэвхтэй байдаг" гэжээ.

Эцэг эхчүүд ч бас хүүхдийнх нь хичээлдээ хандах хандлагад эерэг өөрчлөлт гарсныг хэлсэн байна. Даалгавартай холбоотой хэрүүл маргаан гэрт гарахаа больсон тул хурцадмал байдал багасч, сонсох, харилцах цаг их гарах болжээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж