Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудитор Г.Чулуунцэцэгээс “Нийслэлд хэрэгжсэн авто замын гүүр, гүүрэн байгууламж, нүхэн гарцтай холбоотой төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын дүнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэл дэх Төрийн аудитын газраас энэ аудитыг хийхээр санаачилсан уу, эсвэл иргэд олон нийтээс ирсэн саналыг харгалзан үзсэн үү?
-Төрийн аудитын байгууллагын бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэвт 2016-2023 онуудад нийслэлд хэрэгжүүлсэн гүүр, гүүрэн байгууламж, нүхэн гарцтай холбоотой төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудитыг гүйцэтгэхээр төлөвлөж баталсан. Энэ хүрээнд Нийслэл дэх Төрийн аудитын газраас аудитыг хийж, гүйцэтгэн дүн дүгнэлтээ гаргаад байна.
-Тус аудитаар илэрсэн гол алдаа, зөрчил юу байсан бэ?
-Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2016-2023 онд нийт 489,608.6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 32 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн хөрөнгөөр 172.8 сая ам.долларын төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээ, 3,153.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 1 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан найман жилийн тогтоолыг аудитаар бүрэн түүвэрлэж гаргаж ирсэн. Гэвч эдгээр төсөл, арга хэмжээнүүд нь төлөвлөлтийн шаардлагыг бүрэн хангуулаагүй, үүнээс үүдэн төсөл хөтөлбөрүүд удаашрах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэг зөрчлүүд аудитаар илэрсэн.
-Аудитын дүгнэлтээс харахад эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, үр дүнг тооцоогүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл хөтөлбөр, арга хэмжээ 41 хувь байна гэжээ. Үүнийг дэлгэрүүлж мэдээлэл өгөөч?.
-Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 39 төсөл, арга хэмжээ нь бүгд зураг төсөв шаардлагатай байдаг. Гэвч 14,952.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төсөл, арга хэмжээ нь зураг төсөвгүй, 165,847.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 9 төсөл, арга хэмжээ, 40.0 сая ам.долларын төсөвт өртөгтэй 1 төсөл, арга хэмжээ нь газрын асуудал шийдвэрлээгүй байсан.
Мөн 48,271.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 3 төсөл, арга хэмжээний хувьд 10 жилийн өмнө батлагдсан зураг төсөвтэй байгаагаас шалтгаалж анх гэрээ байгуулсан үнийн дүн нь хэрэгжилтийн явцад өссөн зэрэг зөрчлүүд илэрсэн.
Жишээлбэл, “Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 у/м төмөр бетон гүүрний барилга” төсөл, арга хэмжээ нь 2013 оны зурагтай, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох нормд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” журмын 5 дугаар зүйлийн 5.4.13 дахь заалтыг хэрэгжүүлээгүйгээс гэрээний дүн 1,200.0 сая төгрөгөөр тус тус өссөн.
-Нүхэн гарц барих төсөл, арга хэмжээний тухайд жишээ дурдахаар алдаа зөрчил юу байв?
-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-нь нийслэлд дөрвөн байршилд хэрэгжихээр төлөвлөгдсөн ч гурван байршилд нь газрын асуудал шийдвэрлэгдээгүй шалтгаанаар хэрэгжиж эхлээгүй байсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана гэснийг бүрэн хангуулаагүйтэй холбоотой байгаа юм.
Шинээр ашиглалтад орсон автозамын гүүр, гүүрэн байгууламжид зөвхөн зөрчил илрүүлдэг хяналтын камеруудыг суурилуулсан, хөдөлгөөний эрчмийг тодорхой бүсэд гараар тоолдог зэрэг нь төсөл, арга хэмжээний хүрсэн үр дүнг бүрэн тооцох нөхцөлийг хязгаарлаж байна.
-Нийслэлийн иргэдийн зүгээс зарим нүхэн гарц, гүүрэн байгууламжийг зураг төслөөс өөр хийж гүйцэтгэсэн, чанаргүй байсан зэргээр гомдол санал гаргадаг. Ялангуяа тэр шүүмжлэл дагуулж байсан гүүрэн байгууламж, нүхэн гарцыг энэ аудитаар шалгасан болов уу?
-Нийслэлд 2016-2023 онуудад хэрэгжсэн гүүр, гүүрэн байгууламж, нүхэн гарцтай холбоотой бүх төслүүд манай аудитад хамрагдсан. Газар дээр нь зураг төсөв, гүйцэтгэлийн баримттай нь тулган баталгаажуулалт хийж ажилласан. Манай аудитын тайлантай open.audit.mn сайтаас үзэж, танилцаж болно.
-Энэ гүйцэтгэлийн аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг ямар хугацаанд засаж залруулах вэ. Зөвлөмж хэрэгжүүлсэн эсэхэд дараа нь хяналт, шалгалт хийдэг үү?
-Тус аудитаар Нийслэлийн Засаг даргад дөрвөн зөвлөмж өгч ажиллалаа. Аудитаар өгсөн зөвлөмжийн биелэлтийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор гаргаж ирүүлэх хугацаатай үүрэг өгсөн байгаа. Шаардлагатай тохиолдолд газар дээр очиж хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж болно.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ