Украины зүүн бүс нутагт Оросын хүчин урьд өмнө байгаагүй их хүчээр дайрах болжээ. Киев дайсны арми хүчирхэгжиж буйд санаа зовниж, баруунаас илүү олон зэр зэвсгийн тусламж хүсч байна. Мөн Оросыг ятгахад барууны шахалт хэрэгтэй байгааг Зеленский мэдэгдэв. Барууны нийлүүлж буй зэвсгээр Оросын газар нутаг руу цохилт өгч болохгүйд Киевийн эрх баригчид дургүйцэж байна. Уг журам нь Оросын армид давуу тал олгож байна гэж үзэж буй.
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энх тайвны төлөө барууны удирдагчид шаардлагатай бүх арга замаар Орост шахалт өгөхийг уриалсан. Тэрбээр Испанид айлчлах хугацаандаа " Украиныг устгахыг эрмэлзэж буй Орост бодит дарамт шахалт хэрэгтэй байна. Энх тайвны хэлэлцээрт Путин оролцохгүй байсан ч би өөрийн биеэр оролцох болно" гэжээ. Түүний мэдээлснээр, Орос Украины газар нутаг дээр сарын хугацаанд дор хаяж 3200 ширхэг тэсрэх бөмбөг хаядаг аж.
Испанийн эрх баригчид ирэх сард болох энх тайвны хэлэлцээрт Оросыг урих тухай дурдахад Зеленский шууд няцаасан байна. Уг хэлэлцээрт 90 гаруй орны элч, төлөөлөгчид оролцох ба Киевийн санал болгож буй дайныг зогсоох 10 шаардлагыг авч хэлэлцэнэ. Тус шаардлагат Оросын түрэмгийлсэн газар нутгийг буцаан авах, Оросын дайны гэмт хэргийг яллах тусгай шүүх байгууллага байгуулах зэрэг орно. Москвагийн эрх баригчид Киевийн санал болгосон уг 10 шаардлагыг эрс эсэргүүцэж буй нь дайныг хурцатгаж магадгүй юм.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнээр ерөнхийлөгч Путин яриа хэлэлцээрт бэлэн байгаа. Гэхдээ нэг шаардлага тавьж буй нь Украины газар нутаг дээрх цэргийн үйл ажиллагааг амжилттайгаар дуусгах үед хэлэлцээр оролцох сонирхолтой байна. Хурцадмал байдалд буй хоёр орны удирдагчид санал зөрөлдөөнтэй байгаа нь дайныг зогсоохгүй гэж шинжээчид үзэж байна. Барууны хэдэн сая ам.долларын зэр зэвгийг Украин ашиглаж байгаа ч Харьков мужийг хамгаалж үлдэхэд хангалтгүй байгааг Зеленский мэдэгдэв. Тэрбээр дан зэвсгийн тусламжаас илүү Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийг барууны орнуудад уриаллаа.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ