Залуу явган хүний гарцаар гарч явахдаа хурдтай давхиж буй скүүтерт мөргүүлж, өвдөгөө хүнд гэмтээжээ. Тэрбээр хоёр сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж, хөдөлгөөнөө хорьсон байна. Тухайн үед холбогдох газруудад нь мэдэгдсэн боловч ямар ч хариуцлага тооцож чадаагүй гэнэ. Энэ мэтээр гудамжаар алхаж явахдаа цахилгаан скүүтерт дайруулж, сонсголгүй болсон, гар хөлөө хугалсан, шагайгаа зүсүүлсэн гэх хүмүүс эмнэлгийн байгууллагад хандах болжээ.
"Хотын гудамжаар тайван алхаж чадахаа больсон. Арагшаа байн байн эргэж харна. Хаанаас хурдтай скүүтер гараад ирэх бол гэж болгоомжилно.
Би өөрөө цахилгаан скүүтерт дайруулж байгаагүй ч миний эргэн тойронд танил хүмүүс маань бэртэл гэмтэл авч байсан. Нэг танил маань хөлөө хүнд гэмтээж, шагайгаа зүсүүлж байсан. Бас нэг эгч маань нуруу руугаа мөргүүлж, гэмтсэн. Цахилгаан скүүтрийг чадах, чадахгүй олон хүн унаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хохироож байна. Ямар нэгэн насны хязгаар тавьж, хянах хэрэгтэй" гэдгийг эмнэлгээр үйлчлүүлж буй О.Жаргалмаа ярилаа. Харин иргэн Н.Ганбаатарын хувьд "Хотод зориулалтын унадаг дугуйн зам байдаггүй учраас энэ бүх асуудал үүсч байна. Ямар нэгэн хууль журмын зохицуулалт байхгүй учраас явган зорчигчийг мөргөж, өөрсдөө ч гэмтэж бэртдэг. Ихэнх нь дуут дохио байхгүй. Зарим залуус нь хурдаа тохируулж явж чаддаггүй, хэн дуртай нь унаж байгаа харагддаг. Хотын гудамжаар сүлжилдэж байгаа цахилгаан скүүтрийг хууль журмаар зохицуулж, унаж байгаа хүмүүст насны хязгаар тавих хэрэгтэй. Гэмтлийн эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийг харахад аймшигтай дүр зурагтай байна. Тэгэхгүй бол хүүхэд залуус насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл өндөр байна. Ирээдүйн хойч үе маань өрөөл татанхай болбол харамсалтай биз дээ" гэсэн юм.
Урин дулааны улиралд нийслэлчүүд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтерээр хөл дүүжлэх нь нэмэгддэг. Түгжрэлд олон цагаар зогссоноос зориулалтын замгүй ч унадаг дугуй, скүүтер унаж, ажлаа амжуулах нь цаг хождог нь үнэн. Тэглээ гээд энд тэндгүй сүлжилдэж, дураараа явахыг хууль журмаараа зөвшөөрөөгүй.
Зарим хүмүүс явган хүний зам дээр хэт хурдтай давхидаг бол нөгөө хэсэг нь хоёр гурваараа, бага насны хүүхэдтэй давхар унаж, бэртэж гэмтэх нь ч бий.
Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгджээ. Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтэртэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтэртэй сүнгэнэх болсон. Скүүтэр үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Скүүтер болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор явган хүний замаар зорчих, замын хөдөлгөөнд оролцох үедээ бэртэж гэмтэх, мөргөж гэмтээх тохиолдол цөөнгүй.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022 онд нийт 153365 хүн тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйны гэмтэл 96, 2023 онд нийт 168280 хүн тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйны гэмтэл 229, 2024 оны эхний таван сарын байдлаар нийт 55365 хүн тусламж үйлчилгээ авснаас скүүтер болон суррон дугуйны гэмтэл 72 тохиолдол байна.
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш:
-Скүүтер, унадаг дугуйн зориулалтын зам талбай бага учраас машин замаар болон явган хүний замаар зорчдог. Үүний улмаас хүн мөргөх, машинд дайруулах, нүхэнд унах зэргээр бэртэж гэмтэж байна. Мөн суррон дугуй унадаг өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзүүлбэр үзүүлж байхдаа гэмтэх тохиолдлууд гарсаар байна.
Нийслэлд зориулалтын дугуйн зам хангалттай хэмжээнд байдаггүй, мөн цахилгаан моторт унадаг дугуйн хэрэгслийг явган хүний зам авто замын хөдөлгөөнд оролцуулах, тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэлтэй энэ төрлийн осол гэмтэл гарч байна.
Скүүтер болон суррон дугуйны хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, скүүтерээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож байгааг хэллээ.
ГССҮТ-Д 0-17 ХҮРТЭЛХ НАСНЫ 27060 ХҮҮХЭД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ
Зуны саруудад хүүхдийн осол гэмтлийн тоо эрс өсдөг бөгөөд уналт, ахуйн хүрээний осол гэмтэл, нохой мууранд хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаант гэмтэл бэртэл энэ хэрээр нэмэгддэг байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.
Тодруулбал, 2023 оны тавдугаар сард 310, зургадугаар сард 577, долдугаар сард 527, наймдугаар сард 584 нийт 1998 хүүхэд зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байх жишээтэй. Харин 2024 оны эхний таван сарын байдлаар ГССҮТ-д 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байна.
“ЦАХИЛГААН СКҮҮТРИЙН 28 ОСОЛ ГАРСНЫ 26 НЬ НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН”
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мөнх-Эрдэнэ:
-Урин дулааны улиралд иргэд замын хөдөлгөөний түгжрэлээс зайлсхийж, унадаг дугуй, цахилгаан скүүтер ихээр унадаг. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан скүүтертэй холбоотой дөрвөн зам тээврийн осол бүртгэгдсэн. Эдгээр нь автомашинтай холбоотой тухайн иргэнд гэмтэл учирсан гэх дуудлага мэдээлэл байдаг. Өөрийгөө болон явган зорчигчийг гэмтээсэн бол шууд эмнэлгийн байгууллагад ханддаг. Харин 2023 онд улсын хэмжээнд цахилгаан скүүтертэй холбоотой 28 осол бүртгэгдсэнээс нийслэлд 26 нь бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан скүүтерийг унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнд оролцох журмаар зохицуулдаг.
Унадаг дугуй нь цахилгаан мотортой байж болно. Моторны хүчин чадал нь 0.25 км/ цаг туулах чадвартай байна. Түүнээс дээш туулах чадвартай, цахилгаан мотортой, хоёр дугуйтай тээврийн хэрэгслийг мопед гэж үздэг. Цахилгаан скүүтерийн моторын хүчин чадлаас хамаарч унадаг дугуй, мопедын ангилалд ордог. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхдүүд унахдаа харгалзах хүнтэйгээр тоглоомын талбай, хашаандаа унахыг зөвшөөрсөн. Харин 14 наснаас дээш насныхан олон нийтийн зам, талбайд унадаг дугуй унана. Үүнтэй адил цахилгаан скүүтрийг 14-өөс дээш насныхан унадаг дугуйн замаар унана. Хэрэв цахилгаан скүүтерийн моторын хүчин чадал нь мопедынх шиг бол 16-гаас дээш насныхан унаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсөх шаардлагатай гэв.
Түрээсийн цахилгаан скүүтерийн хурдны хязгаар нь 20 км/ цаг байдаг. Энэ нь хүний огцом хурдаар гүйх үеийн хурдтай адил. Тиймээс бэртэл гэмтэл авах нь харьцангуй бага байдаг бол иргэдийн хувийн хэрэгцээний цахилгаан скүүтерүүд нь 30-50 км/ цаг давхидаг учраас хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай гэдгийг албаныхан зөвлөлөө.
Мөн цахилгаан скүүтер унахдаа хоёулаа унах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унах, хамгаалалтын малгай хэрэгсэлгүй байх, гар утас ашиглан скүүтер унахыг хориглодог байна. Хэрэв явган хүний замаар зорчиж байгаа бол явган зорчигч давуу эрхтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ