Өнгөрсөн өвөл малчдын хувьд хатуухан жил болсон. Монгол Улс 70 сая тоо толгой малтай хэрнээ махаа үнэтэй хэрэглэдэг, малынхаа түүхий эдийг боловсруулж чаддаггүй, малчид орлого багатай байсаар өдийг хүрэв. Ган гачиг, өвлийг зуданд малаа алдсан нь хотоо харлуулаад хот барааддаг, хотод ирээд ажилгүй, орлогогүй иргэдийн тоонд ордог гээд нүүдэлчин мал ахуйн уламжлалтай бидний хувьд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй хэмээн удаан хугацаанд ярьж, хэлж ирэв. Тиймээс ч эрчимжүүлсэн мал аж ахуй гэх шинэ сэдэв орж ирж, үр дүнгээ өгч, алдаа, оноотой ч хэрэгжсээр байна. Харин энэ жилийн зуданд 10 сая орчим малаа алдсан малчдын хувьд нөхцөл байдал бүр ч их хүндэрч, цаашид хэрхэх вэ гэдэг асуудалтай тулгарсан.
Тэгвэл Засгийн газраас малчдын орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуй салбарыг сэргээх чиглэлээр Шинэ хоршоо хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Хуучин хоршоо шинэ болж, малчдад хөнгөлттэй зээл олгож эдийн засгийн баталгаагаа сайжруулах, малчдын орлого нэмэгдүүлж, үйлвэрлэл хөгжүүлэх зорилготой хөдөлгөөн. Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс даяар эхлүүлж, малчид, иргэдэд мэдээлэл өгч, танилцуулга хийж эхлээд багагүй хугацаа өнгөрөв. Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн бэрхшээлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах замаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдалыг шинэ шатанд гаргахад чиглэсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр юм.
“Шинэ хоршоо- Чинээлэг малчин” арга хэмжээнд 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны 7 банк хоршоогоор дамжуулан малчдад 6 хувийн хүүтэй олгож буй.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо бол мал аж ахуйн салбарт шинэ сэргэлт авчрах хөдөлгөөн. Малчид нутаг орон, мал сүргийнхээ онцлогт тохируулж, ямар ч төрлийн хоршоо байгуулан ажиллах боломжтой. Жишээлбэл, хонь, үхэр, сарлаг өсгөж мах, сүүг нь хамтдаа боловсруулах, ямаагаа үржүүлэн ноолуурыг нь ангилж ялгах, угааж самнах хоршоо байгуулж болно. Тэмээ өсгөж, ингэний сүү, хоормог бэлтгэн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, мөн ногоон тэжээл тарих, цаашлаад малын эмч нар мал эмнэлгийн хоршоо ч байгуулах боломжтой юм. Хонь ноосолдог, арьс шир, түүхий эдийг анхан шатанд торддог хоршоог ч байгуулах боломжтой. Засгийн газрын зүгээс Монголбанктай зөвшилцсөний дүнд арилжааны банкны эх үүсвэрээр бага хүүтэй, урт хугацаатай зээл гаргах боломжийг л нээж байгаа юм.
Ямар бизнес хийх, малынхаа ашиг шимийг хэрхэн илүү хүртэхээ малчид, мал бүхий иргэд өөрсдөө сонгоно. Түүнээс биш Засгийн газар мал маллах арга заахгүй, ямар мал өсгөх, бизнесээ хэрхэн хийхийг чиглүүлэхгүйгээр зөвхөн санхүүгийн хувьд боломж олгож байна.
Нэг хоршоонд жилийн зургаан хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, хоёр тэрбум төгрөг хүртэлх зээл олгоно. Өнөөдөр малаас гардаг бүтээгдэхүүн мах, сүү, цагаан идээний дийлэнхийг ченжүүд, хүнсний том үйлдвэрүүд багахан хэсгийг нь авдаг. Үр дагаварт нь малчны хотноос хямд авсан бүтээгдэхүүн ченжийн гараар дамжин хэрэглэгчдэд очихдоо хэд нугалсан өндөр үнээр зарагддаг. Тэгвэл “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр малчдад малынх нь үр өгөөж, ашиг орлого нь илүү үлддэг, шингэдэг болгохыг зорьж байгаа. Үүний тулд хамгийн хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтын зээлийг олгож үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий уриа нь дэм дэмэндээ, дээс эрчиндээ. Уламжлалт монгол ухаан нэвт шингэсэн ардын мэргэн үгээ малчин түмэн итгэл дүүрэн хүлээн авч байгаа. Жалга жалгаар нэг тарж амьдардаг биш хамтдаа бизнес хийж сайхан амьдарцгаахын төлөө хичээж ажиллахыг урилсан” юм.
Эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйтай, малчид өөрсдөө үйлдвэрлэгч, бүр цаашлаад бизнесмэн болох орчин үеийн Монголын онцлогтой, чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой энэ хөтөлбөр эзэддээ хүрч, ажил хэрэг болж эхэлжээ.
2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 22-ны хооронд нийтдээ 645 хоршоо байгуулагджээ. Эдгээрээс 24 хоршооны зээл шийдвэрлэгдсэн бол 87 малчны зээлийн шийдвэр гарчээ.
Харин 55 хоршоо зээл авах хүсэлтээ банкуудад өгч, банк судалж байгаа юм байна. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд Хаан банк, Төрийн банк, Хас банкууд хүсэлт хүлээж авч байгаа юм. Хөдөлгөөн эхэлснээс хойш 24 хоршоо бий болж, 2,9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1,6 тэрбумын зээлийн батлан даалт бий болгожээ.
ХОРШООНЫ ГИШҮҮН МАЛЧНЫ ЗЭЭЛ:
- Арханхангай аймаг: 6 хоршоо 581 сая төгрөг
- Булган аймаг: 1 хоршоо 249,7 сая төгрөг
- Говь-Алтай аймаг: 2 хоршоо 238 сая төгрөг
- Дархан-Уул аймаг: 1 хоршоо 100 сая төгрөг
- Дорнод аймаг: 1 хоршоо 510 сая төгрөг
- Дундговь аймаг: 1 хоршоо 20 сая төгрөг
- Завхан аймаг: 1 хоршоо 220 сая төгрөг
- Өвөрхангай аймаг: 1 хоршоо 178 сая төгрөг
- Сүхбаатар аймаг: 1 хоршоо 50 сая төгрөг
- Сэлэнгэ аймаг: 1 хоршоо 50 сая төгрөг
- Увс аймаг: 3 хоршоо 318 сая төгрөг
- Ховд аймаг: 3 хоршоо 250 сая төгрөг
- Хэнтий аймаг. 1 хоршоо 100 сая төгрөг
- Төв аймаг: 1 хоршоо 385,9 сая төгрөгийн зээл олгожээ.
Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл бол малчдад бизнес төлөвлөгөө, төсөл байхгүй, үүнийг бичихэд ч хүндрэлтэй хэмээн шүүмжилж байсан бол энэ асуудлыг шийдвэрлэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Шинэ сэргэлтийн “Хурдасгуур төв”-өөс хамтарсан ажлын хэсэг гарч, жишиг загвар төсөл боловсруулах, ирсэн төслийг засч, сайжруулан дэмжиж ажиллаж байгаа юм байна. Мөн орон нутагт сургагч багш нар малчдад дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.
Нүүдэлчин ахуй соёлтой малчин ард түмэн жалга жалганд тусгаарлагдаж, ган гачиг, зуданд нэрвэгдэж, мянгатын төлөө л малаа өсгөдөг бус эдийн засгийн эргэлтэд орж, орлогоо нэмэгдүүлж, нэгдэж, нийлж ажиллах боломжийг Шинэ хоршоо хөдөлгөөн олгож байна.
Тиймээс энэ боломжийг ашиглаад мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт авчрах боломж малчдад олгов, төр. Харин үүнийг зөв хэрэгжүүлээд явах ухаан малчин ард түмэнд бийг харуулах нь л үлдлээ.
Холбоотой мэдээ