Монголын баялаг мал сүргээс гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгох, нүүдэлчин ард түмний дархлааг тээж яваа малчин түмнийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барилаа.
Үндэсний хэмжээнд хэрэгжих “Цагаан алт” хөтөлбөрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх Загджавын Мэндсайхан санаачилсан байна. Тэрбээр тус хөтөлбөрийн талаар малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур, арьс ширийг үнэтэй болгох, боловсруулах үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжихэд чиглэж байгааг онцолсон юм. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 20-30 хувиар нэмэгдүүлэх, нийт 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг зах зээлд нийлүүлэхээр тооцсон байна. Уг санхүүжилтийн 700 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 800 орчим сая ам.долларт хүргэх тооцлол гаргасан байна.
“Цагаан алт” хөтөлбөрийн гол агуулга:
- “Цагаан алт” бодлогын хүрээнд малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, өргөтгөх иргэд, аж ахуйн нэгжүүдийг бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалт, татварын хамгийн ээлтэй бодлогоор дэмжинэ.
- “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Био комбинатыг бүрэн шинэчилснээр импортоор авч байгаа 7.5 сая ам.долларын гоц халдварт шүлхий, мялзан, арьс товруутах өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20-40 хувь, үйлдвэрлэл, экспорт, ажлын байрыг 1.3-1.7 дахин өсгөнө.
- Ноосны бүрэн боловсруулалтыг 25-55 хувь, үйлдвэрлэлийг 2.8 дахин, экспортыг 1.5 дахин, ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлэх бол арьс, ширний боловсруулалтыг 30-50 хувь, борлуулалтыг 2.1 дахин, экспортыг 2.3 дахин, ажлын байрыг 1.7 дахин өсгөнө.
- Ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээлд 150 тэрбум, ээрэх хөрөнгө оруулалтад 198 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээс гадна малын гаралтай түүхий эдийн урамшуулал шууд иргэдийн дансанд шилждэг байх биржийн зохицуулалт хийх боломж бүрдэх юм.
- Малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгож байж залуучууд мал маллах сонирхол, эрэлт нэмэгдэнэ. Ингэж малчдын залгамж халааг бэлтгэх бодлогын арга хэмжээг “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.
- “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг нэмэгдүүлж, ногоон санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ. Ингэснээр ногоон тодотголтой, байгальд ээлтэй хөгжлийг цогцлоох томоохон давуу талтай.
Холбоотой мэдээ