Папуа Шинэ Гвинейн хойд хэсгийн алслагдсан бүс нутагт хөрсний гулсалтын улмаас 670 гаруй хүн амь үрэгдсэнийг НҮБ мэдэгдлээ. Ямбали тосгоны 150 гаруй байшин нурангид дарагдсан ба 100 гаруй хүн нас барсан гэж тооцоолж байсан. Гэвч Даваа гаригт уг тоо огцом өссөн байна. Тосгоны оршин суугчдын тоо анх 4000 гэж тооцоолж байсан ч бодит тоо хавьгүй өндөр байжээ. Нийт 250 гаруй гэр бүлийн 1250 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, ойр хавийн тосгонд түр байранд байрлуулсан гэж албаны хүн мэдээлэв. Хөрсөнд булагдсан цогцсыг гаргах гэж саваа, хүрз ашиглаж байна. Гэсэн хэдий ч хөрсний гулсалт үргэлжилсээр байгаа тул "онц эрсдэлтэй" орчинд аврах багийнхан ажилласан хэвээр байгаа аж.
Нийслэл Порт Морсби хотоос баруун хойд зүгт 600 км зайд орших алслагдсан Каокалам тосгонд өнгөрсөн Баасан гаригт, орон нутгийн цагаар 03:00 цагийн үед мөн адил хөрсний гулсалт үүссэн. Үүнээс болж дөрвөн хөл бөмбөгийн талбайтай тэнцэх газар сүйтгэгдсэн гэж хүмүүнлэгийн ажилчид мэдээлжээ.
"AFP" агентлаг ослын дараах зургийг үзүүлсэн. Зургийг харвал уулын энгэрт шавар, хадны бутарсан хэсгүүд асар том талбайг сүйтгэсэн байх ба нутгийн иргэд амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байгааг дүрсэлжээ.
Номхон далайн үндэстэн Папуа Шинэ Гвиней нь 10 сая гаруй хүн амтай, байгалийн баялаг ихтэй орон юм. Гэвч хөрш орнуудыг бодвол эдийн засгаараа хоцорч, гэмт хэргийн гаралтаараа дэлхийд тэргүүлэх болжээ. Олон зуун овог аймгууд алслагдсан, машинаар хүрэх боломжгүй бүс нутгуудад тархсан байдаг. Өргөн уудам, уулархаг, тогтсон замгүйн улмаас ус цахилгаан, ариун цэврийн байгууламж зэрэг үндсэн үйлчилгээг шинэчлэхэд хүндрэлтэй байдаг аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ