Прокурорын байгууллага 2024 оны тавдугаар сарын 20-24-ний өдрүүдэд 191 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг ес, Хүрээлэн байгаа орчны эсрэг гурав, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Баянзүрх дүүргийн прокурорын газраас байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 700 ширхэг сумыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэн Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ховор амьтны жагсаалтад орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн иргэн Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Архангай аймгийн прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс төрлийн гуалин босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.