Үндэсний номын сан 103 жилийн түүхтэй. Энэ түүхэнд анх удаа 1951 онд бүрэн хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилгыг ашиглалтад оруулж, өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилж, үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл түүнээс хойш өдгөө 73 жилийн дараа олон улсын стандартад нийцсэн номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ салбар барилгыг барьж, өнөөдөр /2024.05.27/ нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Үндэсний номын сангийн шинэ салбар номын сан нь олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт болсон. Орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлсэн хэмээн тус номын сангийн захирал Б.Ичинхорлоо онцоллоо.
Соёлын сайд Ч.Номин:
-Монгол улсын засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Үндэсний номын сангийн шинэ барилга бүрэн хэмжээнд тогтмол үйл ажиллагаатай болж байна. Уг барилга олон улсын жишигт нийцсэн орчин цагийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой. Номын сан ашиглалтад орсноор соёлын хүртээмж нэмэгдэнэ. Мөн шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж нээгдэж байна гэж харж байна гэлээ.
Үндэсний номын сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт уншлагын 16 танхимтай. Мөн 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой шинжлэх ухаан,технологийн сүүлийн үеийн дэвшилтэд ном хэвлэл бүхий сан хөмрөгтэй уншичдын тав тух, орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын Үндэсний номын сан гурван сая 500 мянга гаруй сан хөмрөгтэй. Үүний 534 мянган ном хэвлэлийг шинээр нээж буй салбар номын сандаа шилжүүлж уншигчдад хүргэх юм. Харин үлдсэн төв байрандаа гурван сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээ эрдэм шинжилгээний бүтээлүүд болгон ашиглах аж.




















Холбоотой мэдээ