Синалоа картелийн гол алуурчин гэж сэжиглэгдэж байсан этгээдийг Мексикээс АНУ-д шилжүүлэн өгчээ. Түүнийг Эль Нино буюу "Залхуу" гэж хочилдог ч жинхэнэ нэр нь Нестор Исидро Перес Салас гэдэг. Прокурорууд түүнийг Эль Чапо гэгдэх хар тамхины бүлгийн хаан Хоакин Гузманд ажилдаг "гол алуурчин" гэж буруутгаж байна. Түүнийг хар тамхи, зэвсгийн наймааны хэргээр АНУ-д эрэн сурвалжилж байсан ба мэдээллийг нь өгсөн хүнд гурван сая ам.долларын мөнгөн шагнал амлаж байв.
Эль Нино нь АНУ-д үхлийн аюултай синтетик опиоид болох фентанилыг үйлдвэрлэж, борлуулдаг байсан гэж ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгджээ. Гэмт этгээдийг Бямба гаригт шилжүүлж өгсөн. Эль Нино нь картелийн "сикарио" буюу гэрээт алуурчдын нэг байжээ. Гарланд "Эль Нино нь хар тамхины наймааны компанид заналхийлсэн өрсөлдөгчид болон гэрчүүдийг хөнөөж, эрүүдэн шүүж, хулгайлсан хэрэгт хариуцлага хүлээсэн" гэв.
АНУ-ын прокурорууд Эль-Ниног өрсөлдөгч хар тамхины наймаачдыг хулгайлж, тамлан зовоож, алах үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Түүнийг Синалоа мужийн нийслэл Кулиакан хотод баривчилжээ. Фентанилын хууль бус борлуулалт нэмэгдэж байгаа тул өнгөрсөн оноос хойш АНУ Мексикийн засаг захиргаатай хамтарсны үндсэн дээр Эль Ниног баривчлав.
АНУ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэдээлснээр, Эль Чапогийн гурван хүү болох Овидио Гузман Лопез болон түүний төрсөн ах Иван Архивалдо, Жесус Альфредо Гузман Салазар нар нь олон сая тун фентанил хууль бусаар хил нэвтрүүлэх үүрэгтэй, хүний наймааны эзэнт гүрний удирдагчид байжээ. Хулгана хочтой Лопезыг хар тамхины наймаа, мөнгө угаасан хэргээр өнгөрсөн есдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн бөгөөд тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ